Хотын ерөнхий менежерийн ажлаа өнөөдөр өгсөн Т.Гантөмөрийг Ойн агентлагийн даргаар томилох тохироо хийжээ

Хотын ерөнхий менежерийн ажлаа өнөөдөр өгсөн Т.Гантөмөрийг Ойн агентлагийн даргаар томилох тохироо хийжээ

“Камертон” хамтлагийн тоглолт зохион байгуулсан “Зайсан хилл”-тэй холбоотой асуудлаар хэд хэдэн албан тушаалтанг ажлаас нь чөлөөлсөн билээ.

Хамгийн сүүлд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрийг ажлаас нь чөлөөлсөн. Харин түүний оронд УИХ-ын гишүүн асан Д.Ганболдыг томилж, өнөөдөр тамга тэмдэгээ солилцсон талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тэгвэл хариуцлага алдсан хэмээн ажлаа өгсөн Т.Гантөмөрийг ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс үйл ажиллагаагаа явуулах Ойн агентлагийн даргаар томилох тохироо хийгдсэн талаар эх сурвалж мэдээлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлэх тухай зарлиг гаргаж, Ойн агентлаг байгуулах чиглэлийг Засгийн газарт хүргүүлсэн юм. Улмаар тус газрын үйл ажиллагааг ирэх сарын нэгнээс явуулахаар болсон бөгөөд уг агентлагийн даргаар Хотын ерөнхий менежер асан Т.Гантөмөр томилогдох тохироо хийгдсэн байна.  

Ташрамд өгүүлэхэд, “Камертон” хамтлагийн тоглолт зохион байгуулсан “Зайсан хилл”-тэй холбоотой асуудлаар Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингисийг ажлаас нь чөлөөлсөн ч Дотоодын цэргийн штабын даргаар томилсон байдаг.