Монгол Улс ЮНЕСКО-ийн Статистикийн хүрээлэнгийн болон Засгийн газар хоорондын удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдов

Монгол Улс ЮНЕСКО-ийн Статистикийн хүрээлэнгийн болон Засгийн газар хоорондын удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдов

 

БНФУ-ын Парис хотноо зохион байгуулагдаж буй ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурлын 41 дүгээр чуулганы үеэр 2021 оны арван нэгдүгээр сарын 18-ны өдөр ЮНЕСКО-ийн Статистикийн хүрээлэнгийн Удирдах зөвлөлийн гишүүдийн сонгууль явагдаж Монгол Улсаас нэр дэвшүүлсэн төлөөлөгч Монгол Улсын Үндэсний статистикийн хорооны Тооллого, өгөгдлийн шинжилгээний газрын дарга Ш.Ариунболд сонгогдон 2021-2025 онд ажиллахаар болов.

ЮНЕСКО-ийн Статистикийн хүрээлэн нь Тогтвортой хөгжлийн зорилго 4 буюу чанартай боловсролын асуудлаарх болон ЮНЕСКО-ийн бусад салбарын статистик мэдээллийг хариуцан үйл ажиллагаагаа явуулдаг. Энэхүү хүрээлэнгийн Удирдах зөвлөлийн гишүүн нь дөрвөн жилийн хугацаатайгаар сонгогддог. Удирдах зөвлөлийн үндсэн үүрэг бол хүрээлэнгийн бодлого, өргөн хүрээний чиг үүргийг тодорхойлох, байгууллагын жилийн хөтөлбөр, төсвийг батлах явдал юм. Мөн Удирдах зөвлөл нь хүрээлэнгийн үйл ажиллагаанд хяналт тавьж, үнэлгээ хийж, зааварчилгаа өгч ажилладаг байна.

Түүнчлэн чуулганы үеэр ЮНЕСКО-ийн Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн олон улсын хөтөлбөр (МХХХОУХ)-ийн Засгийн газар хоорондын Зөвлөлийн сонгууль болж тус зөвлөлийн гишүүнээр Монгол Улс сонгогдон 2021-2025 онд ажиллахаар болов. Үүрэгт хугацаанд Зөвлөлд манай улсыг төлөөлж МХХХОУХ-ийн Монголын үндэсний хорооны дарга, Глоб Интернэшнл төвийн Удирдах зөвлөлийн тэргүүн Х.Наранжаргал ажиллах юм. Тэрээр дээрх хөтөлбөрийн Товчооны дэд даргаар 2016-2018 онд сонгогдон ажиллаж байв.

ЮНЕСКО-ийн Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн олон улсын хөтөлбөрийг хөгжиж байгаа болон шилжилтийн үеийн улс орнуудад олон ургалч, чөлөөт хэвлэл мэдээллийн байгууллага бий болгох, улмаар боловсон хүчин, техникийн нөөц бололцоог нь сайжруулах зорилгоор 1980 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Тус хөтөлбөрийн Засгийн газар хоорондын Зөвлөл нь ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурлаас сонгогдсон 39 гишүүн улсаас бүрдэж, МХХХОУХ-ийн тэргүүлэх чиглэлийг батлах, хөтөлбөрт гишүүн улсуудын үр дүнтэй оролцох арга замыг хэлэлцэх, хөтөлбөрөөс тусламж хүсэж буй төслийн шаардагдахуйц санхүүжилтийн зохистой тогтолцоог батлах зэрэг үүргийг хүлээдэг. Монгол Улс тус зөвлөлийн гишүүнээр 2013-2017 оны хооронд сонгогдон ажиллаж байсан юм.

Эх сурвалж: ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс