Хөвсгөл, Сүхбаатар аймгуудад мотоциклийн хөдөлгөөнийг хориглолоо

Хөвсгөл, Сүхбаатар аймгуудад мотоциклийн хөдөлгөөнийг хориглолоо

Хөвсгөл аймгийн Засаг даргын захирамжаар болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн хэмжээнд өнөөдрөөс эхлэн ирэх оны гуравдугаар сарын 15-ны өдөр хүртэл мотоциклийн хөдөлгөөнийг түр хоригложээ.

Цаг агаар хүйтэрч зам болон бусад зорчих хэсгээр халтиргаа гулгаа үүсэж, замын нөхцөл хүндэрч байгаа тул ослоос үүдэлтэй хүний эрүүл мэндэд учирч болох эрсдэл, хохирлоос урьдчилан сэргийлэх, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилготой юм.

Тус аймгийн хэмжээнд 2020 онд 7 иргэн мотоциклээс унаж амиа алдсан бол энэ онд 3 хүн нас барсан байна. Иймээс иргэдийг хүйтний улиралд эрүүл мэндээрээ хохирч, эрсдэлд өртөхгүйн тулд мотоциклээр зорчихгүй байхыг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгийн дарга, дэд хурандаа Д.Ууганбаяр анхаарууллаа.

Мөн Сүхбаатар аймгийн засаг даргын захирамжийн дагуу энэ дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 2022 оны 3 дугаар сарын 15-ныг хүртэл түр хугацаагаар мотоциклийн хөдөлгөөнийг хязгаарлалаа. Тус аймагт сүүлийн нэг жилд авто осол тэр дундаа мотоциклийн осол буурсан. Энэ нь халдварын улмаас хөл хөдөлгөөнийг хязгаарласантай холбоотой гэж аймгийн Цагдаагийн газраас мэдээлжээ.

Цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор зорчих хэсгийн гадаргуу цасаар хучигдан халтиргаа гулгаа үүсгэж авто замын нөхцөл байдал хүндэрсэн үед мотоциклоор замын хөдөлгөөнд оролцогчдыг осол гэмтлээс урьдчилан сэргийлж,  иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгийг хамгаалах, учирч болох хор хохирол эрсдлийг багасгах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах зорилгоор дээрх захирамжийг жил бүр хэрэгжүүлдэг юм байна.