УИХ-ын дарга Г.Занданшатар "Өсвөрийн парламент" хөтөлбөрийн оролцогчидтой өглөөний уулзалт хийжээ

УИХ-ын дарга Г.Занданшатар "Өсвөрийн парламент" хөтөлбөрийн оролцогчидтой өглөөний уулзалт хийжээ

Өнөөдөр "Дэлхийн хүүхдийн өдөр" тохиож байна. НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенц батлагдсан арваннэгдүгээр сарын 20-ны энэ өдрийг 2017 оноос эхлэн дэлхийн улс орнууд хүүхдэд ээлтэй уриалга, санаачлагад нэгдэн, тэмдэглэн өнгөрүүлсээр ирсэн.
 
Энэ өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар "Өсвөрийн парламент" хөтөлбөрийн оролцогч хүүхдүүд, сургагч багш нар болон сайн дурын ажилтнуудын хамт өглөөний уулзалт хийжээ.
 
Хөтөлбөрийн хүүхдүүд уур амьсгалын өөрчлөлт, хог хаягдал, агаарын бохирдлын эсрэг үеийнхэндээ ойлголт, мэдлэг өгөхөөс эхлээд үлгэрлэн, дагуулахуйц бүтээлч ажил, санаачилгуудыг хэрэгжүүлсэн талаар ярилцсан байна.
 
Нийт 9 дүүрэг, 21 аймгаас сонгогдсон эдгээр хүүхдүүд бие биенээсээ суралцан, асуудлыг илүү бодитоор харж, шинэлэг шийдлийг дэвшүүлэхээс гадна олон талт оролцооны хэлбэрийг чухалчилсан зөв тэмүүлэл, эерэг төлөвшилтэй ирээдүй үеийн төлөөлөл гэдгийг сургагч багш нар онцолж байжээ. Цаашид парламентын боловсролыг системтэйгээр хөгжүүлж, хүмүүнлэг хийгээд ардчилсан нийгмийг цогцлоох мэдлэгтэй, бүтээлч, өрсөлдөхүйц шинэ үеийг бэлтгэх нь нэн чухал.
 
Тун удахгүй Боловсролын тухай багц хуулийн шинэчлэлийн хүрээнд орон даяар цуврал хэлэлцүүлгүүдийг зохион байгуулах тул уг хуулийн төсөлд хүүхдүүдийн дуу хоолой, үзэл бодлыг нэгтгэн тусгах зорилтот ажлуудыг уулзалтын үеэр товлолоо.