Талибанчууд эмэгтэйчүүдийг телевизийн олон ангит кинонд тоглохыг хориглолоо

Талибанчууд эмэгтэйчүүдийг телевизийн олон ангит кинонд тоглохыг хориглолоо

Афганистаны Засгийн эрхэнд гарсан Талибан хөдөлгөөнийхөн телевизийн салбарт хэрэгжүүлэх найман шинэ дүрэм баталжээ. Шинэ дүрэмд эмэгтэйчүүдийг телевизийн олон ангит кинонд тоглохыг хориглож, мөн эмэгтэй сэтгүүлч, хөтлөгчдийг эфирт гарахдаа заавал толгойн алчуур, халхавч заавал зүүхийг тушаасан байна. Үүнээс гадна:

  • Исламын хууль, Афганистаны үнэт зүйлсийн эсрэг гэж үзсэн кино гаргахгүй байх,
  • Эрэгтэй хүний биеийн дотно хэсгийг гаргахыг хориглох,
  • Инээдмийн болон зугаа цэнгэл бүхий контентод шашин шүтлэгийг доромжилсон агуулга оруулахыг хориглох,
  • Гадаадын соёлын үнэт зүйлсийг сурталчилсан кино, үзвэрийг цацахыг хориглох заалтууд багтжээ.

Уг мэдэгдлийн дараа Афганистаны сэтгүүлчдийн төлөөлөл болох Хужжатулла Мужаддеди ВВС-д өгсөн ярилцлагадаа “Шинэ хязгаарлалтууд маш гэнэтийн зүйл боллоо. Зарим дүрэм журам хэрэгжих боломжгүй бөгөөд хэрэгжвэл өргөн нэвтрүүлгийн байгууллагууд хаалгаа барихаас өөр аргагүйд хүрнэ” гэв.

Өнгөрсөн наймдугаар сарын дундуур Талибанчууд Афганистаны засгийн эрхийг булааж авсны дараа аажим аажмаар хатуу хязгаарлалт тавьж буйд иргэд эмээж байна. АНУ болон холбоотнуудын цэргүүдийг Афганистанаас явсан даруйд Исламын зэвсэгт бүлэглэл охид, эмэгтэйчүүдийг сургуульд явахыг хориглосон. Гэвч үүнийгээ Талибчууд “охид, эмэгтэйчүүдийг сургуульд сурахыг хориглосон хязгаарлалт нь түр зуурынх бөгөөд ажлын байр, суралцах орчныг аюулгүй байлгахын тулд ийм шийдвэр гаргасан” гэж тайлбарлажээ.  

Эх сурвалж: BBC