Швейцарын их сургуулиудын эмч нар ковид туссан үед хорт хавдрын өвдөлт намддаг болохыг тогтоожээ

Швейцарын их сургуулиудын эмч нар ковид туссан үед хорт хавдрын өвдөлт намддаг болохыг тогтоожээ

Швейцарын Женев хотын Их сургуулиудын эмнэлгийн эмч нар нэгэн сонирхолтой нээлтийг хийжээ. Хүнд хэлбэрийн ковидын халдвар авсан тохиолдолд хорт хавдартай өвчтөнүүдийн хорт хавдрын өвдөлт эрс багассаныг тогтоожээ. Үүнээс өмнө хорт хавдартай хүн коронавирусний халдвар авсан тохиолдолд амь насанд өндөр эрсдэлтэй гэж үзэж байсан юм.

Олон улсын шинжлэх ухааны “PAIN” нэр сэтгүүлд бичсэнээр, энэхүү  нээлтийг Женевын Их сургуулиудын эмнэлгийн хөнгөвчлөх тасгийн ерөнхий эмч Лиза Хэнтч тэргүүтэй эмч нарын баг тогтоожээ. Тэд 67-84 насны хорт хавдар нь хүнд шатанд орж, өвдөлт нь намдахаа больсон гурван өвчтөнд ажиглалт хийсэн байна.

Эдгээр гурван өвчтөн бүгд ковидын халдвар авч, маш хүнд хэлбэрээр өвджээ. Өвчтөнүүд коронавирусний халдвар авсны дараа өвдөлт нь намдаж, түр хугацаанд ор мөргүй арилсныг мэдэрсэн тухай эмч нарт ярьсан байна. Гэвч ковидоос эдгэрсний дараа хүчтэй өвдөлт нь дахин мэдрэгдэж эхэлсэн ажээ.

Үүнээс өмнө хүнд хэлбэрийн ковидоор өвдсөн зарим өвчтөний уушги хүчтэй гэмтэж, цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ огцом буурч байсан ч амьсгалын асуудал үүсээгүй тохиолдлууд эрдэмтдийн анхаарлыг татжээ. Эрдэмтэд коронавирусний халдвар мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааг гэмтээснээр ийм шинж тэмдэг ажиглагдаж байж магадгүй гэсэн таамаг дэвшүүлсэн байна. Ингэхдээ тэд энэхүү таамгийг батлахын тулд нэмэлт судалгаа шаардлагатай гэж онцолжээ.