БИДНИЙ ТУХАЙ: Рио Тинто Монголын засгийн газарт буулт хийж, Оюу толгойн эзэмшилд “бүтцийн өөрчлөлт” хийх асуудлыг хэлэлцэж магадгүй

БИДНИЙ ТУХАЙ: Рио Тинто Монголын засгийн газарт буулт хийж, Оюу толгойн эзэмшилд “бүтцийн өөрчлөлт” хийх асуудлыг хэлэлцэж магадгүй

Өнгөрсөн Даваа гараг/2021.11.22/-т Рио Тинто" группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзаж, Оюу толгой төслийн хэлэлцээтэй холбоотой асуудлыг ярилцсан билээ. Тэгвэл уг уулзалтын талаар уул уурхайн Mining.com сайтад “Рио Тинтогийн гүйцэтгэх захирал, Монголын Ерөнхий сайд хоёр Оюу толгойн ирээдүйн талаар ярилцав” нэртэй нийтлэл гарчээ. Уг нийтлэлийг орчуулан хүргэж байна.

-РИО ТИНТО ТӨСЛИЙГ ДУУСГАХЫН ТУЛД МОНГОЛЫН ЗАСГИЙН ГАЗАРТ БУУЛТ ХИЙЖ, МОНГОЛД ОЛГОХ ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХАД БЭЛЭН БАЙНА-

Рио Тинтогийн Гүйцэтгэх захирал Якоб Стаушолм энэ долоо хоногт Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй Оюу толгойн зэс-алтны уурхайн ирээдүйд тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэхээр уулзаж, ярилцав.

Төслийн өргөтгөлийн ажил саатсан, мөн зардал хэтэрсэнд Монголын засгийн газар нэлээдгүй бухимдаж, уурхайн бүтээн байгуулалтын үндэс болсон 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээг цуцлах аюул хүртэл тулгарсан. Харин Рио Тинто наймдугаар сард төслийн саатал, зардлын өсөлттэй холбоотой Монголын Засгийн газрын тайлбарыг няцааснаар бие даасан үнэлгээ хийлгэх болсон билээ.

Монголын тал “Рио хэтэрсэн зардлыг нөхөх ёстой, мөн Монголд ногдох 34 хувьд хуримтлагдсан өрийг бүрэн арилгах ёстой” гэсэн байр суурьтай байгаа.

Тус улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч Рио Тинто болон түүний дийлэнх хувийг эзэмшдэг “Turquoise Hill Resources” компанийг өргөтгөл хийснээр улсын төсөвт ямар эдийн засгийн үр өгөөж өгөхийг эргэн харахыг хүсч байгаа нь ойлгомжтой. Бидэнд ирсэн мэдэллээр Рио хүндрэлтэй төслийг дуусгахын тулд Монголын Засгийн газарт буулт хийх, тэр дундаа барилгын зардлынхаа хувийг санхүүжүүлэхийн тулд Монголд олгох зээлийн хүүг бууруулахад бэлэн байгаа аж. Мөн Рио Тинто Оюу толгойн эзэмшилд “бүтцийн өөрчлөлт” хийх асуудлыг авч хэлэлцэж, магадгүй гэж эх сурвалжууд мэдээлж байна.

-ОЮУ ТОЛГОЙ 2030 ОН ГЭХЭД ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ ДӨРӨВ ДЭХ ЗЭСИЙН УУРХАЙ БОЛНО-

2020 оны арванхоёрдугаар сард зарласан бүтээн байгуулалтын эцсийн тооцоонд Оюу толгойн далд уурхайн төслийн өртгийг 6.75 тэрбум ам.доллар гэж тооцсон. Энэ нь 2015 оны анхны тооцооноос 1.4 тэрбум доллараар өндөр байв.

Рио Тинтой анхны олборлолтыг 2022 оны 10-р сард хийхээр төлөвлөж байсан. Гэвч геологийн таагүй нөхцөл байдал нь зардал, цаг хугацаанд нөлөөлсөн гэж тайлбарласан. Наймдугаар сард хийгдсэн бие даасан тайланд уг асуудлуудыг буруу менежментээс үүдэлтэй гэж үзсэн. Үүнээс хоёр сарын дараа Их Британи, АНУ-ын санхүүгийн зохицуулагчид өөрсдийн шалгалтыг эхлүүлсэн юм.

Оюутолгой бол Рио Тинтогийн зэсийн өсөлтийн гол төсөл. Уурхайн гүний хэсэг ашиглалтад орсноор 2019 онд 125,000-150,000 тонн олборлолт хийдэг байсан бол 2025 он гэхэд хамгийн дээд хэмжээндээ буюу 560,000 тонн олборлолт хийх боломжтой. Ингэснээр 2030 он гэхэд Оюу толгой дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болно.

Оюу толгой бол сүүлийн 10 жилийн хугацаанд олон мянган ажлын байр бий болгож, гурван тэрбум гаруй ам.долларын татвар, хураамжийн орлого бүрдүүлсэн тус улсын гадаадын шууд хөрөнгө оруулалтын хамгийн том эх үүсвэр юм.

Эх сурвалж: Mining.com