ХӨСҮТ: Хоолой өвдөж, 38 хэм хүртэл халуурдаг риновирус нийт өвчлөлийн 14.3 хувийг үүсгэж байна

ХӨСҮТ: Хоолой өвдөж, 38 хэм хүртэл халуурдаг риновирус нийт өвчлөлийн 14.3 хувийг үүсгэж байна

Хүйтний улирал эхэлсэнтэй холбоотойгоор хамар битүүрч, нус гоожих, гэдэс гүйлгэх, бөөлжих шинж тэмдэг бүхий өвчлөл эрс нэмэгджээ. Энэ талаар ХӨСҮТ-ийн вирус судлалын лабораторийн тасгийн эрхлэгч Ц.Наранзул зөвлөгөө, мэдээлэл өгчээ. 

Тэрбээр "Томуу болон бусад амьсгалын замын халдвар үүсгэгчдийг илрүүлэх мультиплекс шинжилгээгээр өвдсөн хүмүүсийн 14.3 хувьд риновирус илэрсэн байна. Риновирус бол цочмог халдварт өвчин. Энэ вирусийн халдвар нь агаар дусал, ахуйн хавьтлаар дамжин халддаг. Халдварын эх уурхай нь мэдээж өвчтэй хүнээс халдана. Өвчний эхний шинж тэмдэг эхлэхээс өмнөх хоногт халдвар авсан хүн бусдад халдвар тараах чадвартай болдог. Өвчний 2-3 дахь хоногт хамрын шингэнд вирусийн хэмжээ хамгийн их ялгарч, халдвар тараах эсрдэл өндөр болдог. Өөрөөр хэлбэл, халдвар хамрын хөндийн салст бүрхүүлээр нэвтрэн орж, хамрын салст бүрхүүл, хоолойн залгиур хэсэгт эпител эс дотор вирус үрждэг. Энэ вирус 33-35 хэмд, хамар хоолой залгиурын хэсэгт идэвхтэй үрждэг.  Энэ үед хүний биед ямар шинж тэмдэг үзүүлэх вэ гэхээр хамрын салст бүрхүүл хавагнаж, хөөх, цусны судас өргөсөх, хамрын нус гоожих, шингэн ихээр ялгарах зэрэг шинж тэмдэг илэрнэ.

Илрэх шинж тэмдгийн хувьд, яг л томуу, томуу төст өвчинтэй адил бие жихүүцэх, ханиаж халуурах, нус ялгарах, хамрын шингэн халдвар авсны дараа шар ногоон өнгөтэй болох зэрэг шинж тэмдэг илэрнэ. Мөн хамрын ханиаднаас гадна хоолой хуурайшиж загатнах, өвдөх шинж илэрнэ. Ихэнх өвчтөнд биеийн хэм хэвийн хэмжээнд байна, хүндэрсэн тохиолдолд 38 хэм хүртэл халуурахаас эхлээд зарим хүндрэлүүдийг өгч болно. Халдвар дунджаар 7-10 хоног хөнгөн явагдаж, хамрын ханиад шиг 14 хоног үргэлжилдэг.

Амны хаалт зүүх, цаг агаартаа тохируулан дулаан хувцаслах, хөнгөн явцтай өвчлөлийн үед хамрын дусаалга хэрэглэх, давс, содны уусмалаар ам хамраа зайлах хэрэгтэй. Риновируст халдварын үед эмнэлэгт хэвтэх шаардлагаггүй. Харин энэ үедээ шим тэжээлтэй хоол идэх, гэрийн дэглэм сахих, шингэн их уух зэрэг ханиад томуугийн үед авдаг арга хэмжээнүүдийг авч болно" гэж хэлнэ.