21 аймаг, 9 дүүрэг Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих загвар төвтэй боллоо

21 аймаг, 9 дүүрэг Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих загвар төвтэй боллоо

Швейцарын Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр GFA Консалтинг группын хэрэгжүүлж буй Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн хүрээнд Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төвийг 2017-2021 оны хугацаанд нийт 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргийн  Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн дэргэд байгууллаа.                              

Тус загвар төв нь хөдөлмөрийн зах зээлд хөл тавьж байгаа залуучууд, ялангуяа дөнгөж сургууль төгссөн, ажлын туршлага бага залуучуудыг идэвхижүүлэхэд чиглэсэн хөдөлмөр эрхлэлтийн хэд хэдэн шинэлэг үйлчилгээ, арга хэрэгслийг нэвтрүүлэх юм. Тухайлбал, ажил хайж буй залуу хүний хөдөлмөр эрхлэх чадварыг нь үнэлж, улмаар тухайн хүний онцлогт тохируулан хөдөлмөр эрхлэх хувийн төлөвлөгөөг боловсруулах юм.

Түүнчлэн, залуучууд хоорондын хамтын ажиллагааг дэмжих зорилгоор бүлгийн модуль сургалтыг нийт 4-5 долоо хоногийн хугацаатай хэрэгжүүлэх бөгөөд энэ явцад ажил хайгч залуу өөрийгөө илүү танин мэдэх, ажил олгогчтой холбоо тогтоох, ажлын ярилцлагад амжилттай орох ур чадвар, чадамжаа хөгжүүлэх боломжтой болно. Сургалтад хамрагдсан залуус ажил хайх, олохтой холбоотой өөрийн туршлага, сургамжаас бүлгийн бусад гишүүдтэй хуваалцах боломж мөн бүрдэх юм. Түүнчлэн хувиараа  хөдөлмөр эрхлэх, бизнес эрхлэх сонирхолтой залуучуудад тусгайлан зориулсан Модуль сургалтанд хамрагдаж, бизнес санаагаа олох, хөгжүүлэх, төлөвлөх чиглэлээр мэдлэгтэй болох боломжтой.         

Шинэлэг үйлчилгээний зорилтот бүлэг бол 15-34 насны залуучууд бөгөөд үүнд Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, коллеж, их дээд сургуулийн оюутан, төгсөгчид, ажил хайгч бүртгэлтэй болон бүртгэлгүй залуус хамрагдах боломжтой.

Энэхүү үйл ажиллагааг Швейцарын Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр GFA Консалтинг группын хэрэгжүүлж буй Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслөөс аймаг, дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсүүдтэй хамтран хэрэгжүүлж байгаа аж. Загвар төвд шаардлагатай тавилга, компьютер хэрэгсэлд  төслөөс хөрөнгө оруулалт хийж, төвийн ажилтнуудыг шат дараалсан сургалт, чадавхи бэхжүүлэх арга хэмжээнд хамруулж байна. Энэ хүрээнд Залуучуудад зориулсан хөдөлмөр эрхлэлтийн шинэлэг үйлчилгээ Гарын авлага, сургалтын багц материал, видео хичээл боловсруулж, шинэлэг үйлчилгээ явуулах чиглэлээр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтэс болон хувийн хөдөлмөрийн бүржүүдийн ажилтан, менежерүүдийн чадавхийг шат дараалан бэхжүүлсэн. Түүнчлэн хөдөлмөр эрхлэлтийн шинэлэг үйлчилгээний чиглэлээр нийт 72 Мастер сургагч багшийг бэлдээд байна.