Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, бороо орж, сэрүүснэ. Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Архангай, Хөвсгөлийн зарим сумдын нутаг, Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 0.0-1.4 мм бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй.
Салхи нутгийн хойд хэсээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +12…+17 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +22…+27 градус, бусад нутгаар +16…+21 градус дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Өчигдөр өдөрөөс 6 градусаар сэрүүсэж +15...+17 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.