Ковидын шинэ хувилбартай холбогдуулж Их Британи улс зарим улсын нислэгээ түр хугацаанд хоригложээ

Ковидын шинэ хувилбартай холбогдуулж Их Британи улс зарим улсын нислэгээ түр хугацаанд хоригложээ

Коронавирусийн шинэ хувилбартай холбоотойгоор Өмнөд Африк, Намиби, Зимбабве, Ботсвана, Лесото, Эсватини зэрэг орнуудаас Англид ирсэн аялагчдыг тусгаарлалтанд хамруулахаар болжээ. Түүнчлэн эдгээр улсуудыг улаан жагсаалтанд оруулж, нислэгийг түр хугацаагаар хориглох бөгөөд хязгаарлалт баасан гарагийн 12:00 цагаас эхлэн хүчин төгөлдөр болно гэж Их Британийн Эрүүл мэндийн яамны нарийн бичгийн дарга Сажид Жавид мэдэгджээ.

Сажид Жавид хэлэхдээ “Эрдэмтэд шинэ хувилбарын талаар маш их санаа зовж байгаа ч энэ талаар илүү ихийг судлах шаардлагатай байна. Энэ хувилбар нь Дельта хувилбараас хоёр дахин их мутацитай гэж таамаглаж байгаа бөгөөд халдварлах чадвар өндөр учраас одоо байгаа вакцинууд үр дүн багатай байж магадгүй юм” гэжээ.

Их Британид шинэ хувилбартай холбоотой ямар ч тохиолдол батлагдаагүй. Одоогоор Өмнөд Африк, Хонг Конг, Ботсванад 59 тохиолдол бүртгэгдээд байна. 

Хязгаарлалтын журам мөрдөгдөж эхэлмэгц Их Британи болон Ирландын оршин суугчдаас бусад орны аялагчид сүүлийн 10 хоногт эдгээр зургаан улсад зорчсон бол Англид нэвтрэхийг хориглоно. Харин сүүлийн 10 хоногт эдгээр улсуудаас ирсэн хүмүүсийг Их Британийн Эрүүл мэндийн аюулгүй байдлын агентлаг ПСР-ын шинжилгээнд хамруулахаар болжээ. Лондонгийн Эзэн хааны коллежийн профессор Нейл Фергюсон аяллыг хязгаарлах нь хамгийн зөв алхам гэж мэдэгдсэн ч энэ хувилбар нь илүү халдварлах чадвартай эсвэл вакцинд тэсвэртэй эсэх нь тодорхойгүй байгаа тул түүний учруулж буй эрсдэлийг дүгнэхэд эрт байна гэж мэдэгдэв. Одоогийн байдлаар Өмнөд Африкаас Их Британи руу өдөрт 500, 700 орчим хүн зорчиж байгаа ч баяр ёслолын үе эхэлсэнтэй холбогдуулан энэ тоо нэмэгдэх хандлагатай байна.

Их Британи улс аравдугаар сард аялал жуулчлалын улаан жагсаалтаасаа бүх улсыг хасаад байсан юм. Одоогийн байдлаар вакцинд бүрэн хамрагдсан хүмүүс аялалд гарахаасаа өмнө ковидын шинжилгээ өгөх шаардлагагүй, харин ирснээсээ хойш хоёр хоногийн дараа шинжилгээ өгч, зорчигчийн байршлын маягтыг бөглөх шаардлагатай. Вакцинд бүрэн хамрагдаагүй, 18-аас дээш насны хүмүүс 10 хоног гэртээ өөрийгөө тусгаарлаж, аялахаас гурван хоногийн өмнө, мөн ирснээсээ хойш хоёр болон найм дахь өдөр нь ковидын шинжилгээ өгөх ёстой байна.