Коронавирусийн шинэ мутацийн улмаас газрын тосны үнэ 13 хувиар огцом уналаа

Коронавирусийн шинэ мутацийн улмаас газрын тосны үнэ 13 хувиар огцом уналаа

ДЭМБ-аас шинээр бүртгэгдсэн коронавирусийн “Омикрон” хувилбарыг “variant of concern” буюу “онцгой анхаарал татаж буй” ангилалд оруулсны дараа улс орнууд аяллын хязгаарлалт тогтоож эхлээд байна. Мөн зарим оронд хөл хорио тогтоох асуудал хүртэл яригдаж байна. Үүнтэй холбоотойгоор эдийн засгийн уналтаас болгоомжилсон айдас олон улсын зах зээлд үүсэж, газрын тосны үнэ 13 хувиар уналаа.

АНУ-ын түүхий нефтийн үнэ 13.1 хувиар буурснаар, баррель нь 68.15 ам.долларт хүрэв. Энэ нь сүүлийн хоёр сард тохиосон хамгийн доод үзүүлэлт юм. Дэлхийн жишиг Brent маркийн нефтийн үнэ өчигдөр 12 хувиар буурч, баррель нь 72,72 ам.долларт хүрчээ. Хөрөнгө оруулагчид нефтийн зах зээлийн хөдөлгөөнийг анхааралтай ажиглаж байдаг. Учир нь түүхий нефть эдийн засгийн хэлбэлзэлд маш мэдрэмтгий. Саяхныг хүртэл эдийн засгийн хурдацтай сэргэлт нь бензин, онгоцны түлш, дизель түлшний эрэлтийг нэмэгдүүлж, нефтийн үнэ зогсолтгүй өсөлттэй байсан. Харин шинэ хувилбарын улмаас цаашид дахин унаж болзошгүйг зарим шинжээч хэлж байна.

Эх сурвалж: CNN