СУРВАЛЖИЛГА: Голланд технологиор бяслаг хийдэг 65 настай Ч.Чинбатынхаар зочиллоо

СУРВАЛЖИЛГА: Голланд технологиор бяслаг хийдэг 65 настай Ч.Чинбатынхаар зочиллоо

Голланд технологиор хагас хатуу Гуада төрлийн бяслаг гар аргаар хийдэг Ч.Чинбат гуайнхаар зочилж, энэ удаагийн сурвалжилгаа бэлтгэлээ.

-ТАВАН ЖИЛИЙН ӨМНӨ ГОЛЛАНД ЗАЛУУГААС “ГУАДА” БЯСЛАГ ХИЙХ ТЕХНОЛОГИЙГ СУРЧ БАЙЖЭЭ-

Бидний сурвалжилгын гол зочин Ч.Чинбат өдгөө 65 насны босгыг алхаж буй ч 100 хувь импортын бүтээгдэхүүн хэрэглэдэг Монголчуудад бяслагны соёлыг мэдрүүлэх, идүүлж сургах, цэвэр бүтээгдэхүүн хэрэглүүлэх туйлын хүсэлтэй.

Одоогоос таван жилийн өмнө Монгол эхнэртэй Голланд эр үнээний сүүгээр голланд технологиор бяслаг хийдэг байжээ. Тэрээр бяслаг хийхээ больж жуулчны салбарт орохын цагт Ч.Чинбат гуай бяслагны технологийг нь сурч авсан байна. Одоогоор өөрийн нэг хүүхэд, бэр хоёрын хамтаар гурвуулаа зуны улиралд хагас хатуу Гуада төрлийн бяслаг хийдэг аж. Бэр нь “Жайка” олон улсын байгууллагын төслөөр Японд бяслаг хэрхэн хийдэг талаар үзэж, суралцаад иржээ.

“Би монголчууддаа импортынх шиг элдэв хольц найрлагагүй цэвэр бүтээгдэхүүн хийгээд идүүлчих юмсан гэдэг бодлын үүднээс анх бяслагны технологийг суралцаж байлаа” хэмээн хуучилсан юм. Мөн зуны улиралд гол гарч сүүгээ борлуулж чаддаггүй айлуудаас сүүг нь худалдан авч орлоготой байлгахыг хичээдэг гэв.

-“ДӨЧИН ЛИТР СҮҮНЭЭС ДӨРВӨН БЯСЛАГ ГАРДАГ”-

Эднийх адуу, үхэр, хонь, ямаатай. Бяслаг хийхэд үнээнийхээ сүүг ашиглахаас гадна саахалтын таван айлаас сүү авдаг. Хагас хатуу Гуада төрлийн бяслагийг тодорхой температурт, тодорхой хугацаанд хийдэг маш нарийн технологитой. Ганц хоёр минутаар, эсвэл ганц хоёрхон температураар зөрөхөд л бяслагны амт өөрчлөгддөг гэдгийг Ч.Чинбат гуай онцолж байлаа. Хийсний дараа 7-15 градус цельсийн дулаанд 85 хувийн чийглэгт хадгалдаг байна.

Дөчин литр сүүнээс ДӨРВӨН бяслаг гардаг аж. Энэ тухай тэрбээр бидэнд хэлэхдээ, “Цэвэр үнээний сүүгээр тослогийг нь буюу өрөм гаргахгүйгээр гар урлалын аргаар хагас хатуу бяслаг хийдэг. 36 сар хадгалдаг, хадгалах тусам амт орж, чанар нь сайжирдаг хийснээсээ хоёр сарын дараа хүнсэнд хэрэглэдэг. Хамгийн гол нь цэвэр агаартай, цэвэр орчинд бойжуулдаг. Таван жилийн өмнө хийж сурч байсан бол одоо хадгалж сурч байна даа. Газар доор зоорь барьж зуны турш гар аргаар урласан Голланд бяслагаа хадгалдаг” хэмээн ярьсан юм.

Ч.Чинбатын хийсэн бяслагийг тогтмол хэрэглэдэг арав гаруй гэр бүл байдаг. Утсаар ярьж захиалгаа өгөхөд л Тэрэлжээс нийслэл рүү явдаг автобусанд бяслагаа дайж, үнэнч хэрэглэгчдэдээ хүргүүлдэг байна. Мөн “Мишээл экспо”-д зохион байгуулагддаг үзэсгэлэнд алгасалгүй оролцож борлуулалтаа хийдэг байна. Хадгалалтын байр, сүүний олдоц, хүн хүчнээс хамаараад зөвхөн зуны улиралд ганцхан төрлийн бяслаг хийж байгаа нь энэ юм. Өдөрт 2-3, сард 60 гаруй бяслаг хийдэг аж. Хэрэв фермийн аж ахуй эрхэлж өвлийн улиралд ч сүүгээр тасардаггүй бол жилийн дөрвөн улиралд бяслагаа хийгээд байх бүрэн боломжтой гэдгийг Чинбат гуай онцоллоо.

Бяслагаас гадна сүүн хурууд хийж борлуулдаг. Мөн хашаандаа нарийн ногоо, хүнсний ногоо тариалж эрүүл цэвэр бүтээгдэхүүн хэрэглэж заншжээ.

-ЗАЛУУ НАСАНДАА ЛААНЫ АНХНЫ МАШИНЫГ МОНГОЛДБҮТЭЭЖ БАЙЖЭЭ-

-Тэрбээр Говь-Алтай аймгийн Цогт сумын уугуул иргэн юм. Улаанбаатарт Ачаа тээврийн удирдах газрын 28 дугаар авто баазад Автын инженерээр ажиллаж байгаад тэтгэвэртээ гарч хувийн лааны үйлдвэр байгуулсан байна. Тухайн үед 1990 оны эхээр Монголд лааны хэрэглээ нэвтэрч эхэлж байхад анхны лааны машиныг бүтээж байжээ.

Үүний дараа Төв аймгийн Эрдэнэ суманд ирж мал маллан амьдрах болжээ. Тэрэлжид нутаглаад 20 гаруй жил болж байгаа аж. “Мал маллаад сайхан амьдарч байна. Зүгээр сууснаас бяслаг хийж сураад, түүнийгээ нутгийн хүмүүст зааж сурган ажлын байраар хангах, орлоготой байлгах юмсан гэж бодох юм. Хоёрдугаарт гадаадын технологийг Монголдоо нутагшуулчихъя гэж бодсон. Бяслагны соёл гайхалтай. Хийж, хадгалж, идэж сурна гэдэг гайхалтай сайхан. Бидний хийж буй бяслагийг гадаад руу экспортлоод өгье гэж ярьдаг ч хүн бий. Гадаад руу гаргаж яах вэ. Монголчууд маань л цэвэр, эрүүл хүнс хэрэглэж сураасай. Өндөр үнэтэй импортын бүтээгдэхүүнийг сайхан гэж бодож их хэрэглэх юм. Гэвч тэр нь элдэв янзын хольцтой, Монгол руу яаж тээвэрлэдэг нь ч эргэлзээтэй” гэлээ. 

-“ЧИ УДАХГҮЙ ҮХЭХ ЮМ ЧИНЬ, ЗЭЭЛЭЭР ЯАХ ВЭ ДЭЭ” ГЭДЭГ БАЙДЛААР ЖДҮХС-ИЙН ЗЭЭЛ ОЛДДОГГҮЙ-

Цаашид бяслагаа хаяг шошготой, савлагаатай болгох асуудалд анхаарна гэв.Вакуумдаж хадгалах машин байхгүй тул гадна талыг нь гелдэж хадгалдаг байна. Вакуумдаж хадгалах машин авъя гэхэд 13 сая төгрөгийн үнэтэй. ЖДҮХС-аас зээл авахаар хэдэнтээ хөөцөлдсөн ч авч чадаагүй тухайгаа учирлалаа.

Энэ талаар хэлэхдээ, “Нэг ч төгрөгийн зээл аваагүй. Өөрийн бор зүрхээрээ таван жил зүтгэж байна. ЖДҮХС-аас зээл авах гээд олон ч удаа хөөцөлдөж үзсэн. 65 гээд насны хязгаар тавьчихсан юм билээ. “Чи удахгүй үхэх юм чинь, зээлээр яах нь вэ дээ” гэдэг. Мөн барьцаа хөрөнгө шаарддаг. Хэдэн малаас өөр юмгүй бид чинь яах билээ. Ядахад, банк таван хошуу малыг хамгийн багаар үнэлдэг” гэсэн юм.