Өвөрхангай аймагт хурдан морь, тэмээний уралдааныг хоригложээ

Өвөрхангай аймагт хурдан морь, тэмээний уралдааныг хоригложээ

Өвөрхангай аймагтай хил залгаа Өмнөговь, Дундговь, Архангай, Булган аймгийн долоон суманд малын шүлхий өвчин тархсаны улмаас зөөвөрлөгдсөн байх магадлалтай таван голомт Өвөрхангай аймгийн дөрвөн суманд үүсээд байгаа аж.

Үүнтэй холбогдуулан Хархорин, Өлзийт, Баян-Өндөр, Хайрхандулаан сумандтаван суурин пост, дөрвөн хөдөлгөөнт эргүүлийг ажиллуулж, 20214 толгой малыг вакцинжуулж, 56450 мкв талбайд халдваргүйжүүлэлт хийгээд байгаа аж. Учир нь сэжигтэй болон голомттой бүсэд 71 өрхийн 1271 үхэр, 10768 хонь, 7834 ямаа буюу нийт 19872 толгой мал байгаагаас 16 өрхийн 195 үхэр, 660 хонь, 253 ямаа, нийт 1108 толгой мал шүлхийгээр өвчилсөн аж.

Харин өчигдөр /2022.01.11/ Өвөрхангай аймгийн Онцгой комиссын хурлаар уг асуудлыг хэлэлцэж, голомтын халдварлалтыг таслан зогсоох, өвчний голомт бүхий нутаг өвөлжиж, хаваржихаар очсон малчин өрхүүдийн судалгааг гаргах, голомттой бүс нутгаас зорчиж буй мал, амьтан, малын гаралтай түүхий эд тээвэрлэсэн тээврийн хэрэгсэлд тавих хяналтыг сайжруулах, хурдан морь, тэмээний төрөл бүрийн уралдаан, тэмцээн, нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй байх үүргийг аймгийн Засаг даргаас холбогдох албад, сумдын Засаг дарга нарт өгчээ.