Ц.Оюунгэрэлийг “шүүгчийн хараат бус байдалд халдсан” гэж мэдэгдэл хүргүүлжээ

Ц.Оюунгэрэлийг “шүүгчийн хараат бус байдалд халдсан” гэж мэдэгдэл хүргүүлжээ

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл "Иргэний оролцооны нэгдэл" /ИОН/ нам байгуулснаа бүртгүүлэхээр өнгөрсөн он /2022.12.20/-д Дээд шүүхэд хандсан ч" тус намын дүрэм нь хуульд харшилсан" гэж үзээд бүртгэхээс татгалзсан.

Харин үүний дараа Ц.Оюунгэрэл мэдээлэл хийх үеэрээ, “Дээд шүүхийн 23 шүүгчийн хөрөнгө дунджаар 500 сая төгрөг байна", "Дээд шүүхийн 15 шүүгч гэмт хэрэгт холбогдож шалгагдаж байсан", "...Дээд шүүхийн шүүгчид аж ахуйн нэгж компаниуд, тэр байтугай ББСБ эзэмшдэг” гэж мэдэгдсэн.

Тэгвэл уг мэдэгдэлтэй нь холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлөөс түүнд мэдэгдэлд хүргүүлжээ. Мэдэгдэлд “...2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр “Дээд шүүх гэмт хэргийн бирж мөн үү” гэсэн гарчигтай дуу, дүрсний бичлэг бүхий мэдээллийг “Oyungerel Tsedendamba” гэсэн цахим хуудаст байршуулж олон нийтэд түгээжээ.

Энэхүү мэдээллийн агуулга нь улс төрийн нам байгуулсныг бүртгэхээс тодорхой үндэслэл зааж татгалзсантай холбогдуулан шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдалд халдаж, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулах, шүүгчийн хараат бус байдалд эргэлзээ төрүүлэх замаар ажил хэргийн нэр хүндийг бууруулахад чиглэгдсэн үйл ажиллагаа гэж тус Зөвлөл үзсэн болно.

Иймд энэхүү үйл ажиллагаагаа таслан зогсоож, Монгол Улсын Дээд шүүхэд хандсан асуудлаа зөвхөн хууль тогтоомжийн хүрээнд зохих журмын дагуу шийдвэрлүүлэхийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 70-р зүйлийн 70.1,70.2.3, 73-р зүйлийн 73.3 дахь хэсэгт заасан чиг үүргийнхээ хүрээнд танд сануулан мэдэгдэж байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 42-р зүйлийн 40.5 дахь хэсэгт “Шүүгчийн хараат бус байдалд халдсан, шүүхийн үйл ажиллагаанд саад учруулсан хэн боловч хуулийн хариуцлага хүлээнэ” гэж заасан. Та төрийн албан тушаал хашиж, төрийн бодлого, шийдвэрт оролцож ирсэн туршлагатай улс төрч хүний хувьд мэдэгдэлд хүндэтгэлтэй хандан хэрэгжүүлж, шүүх эрх мэдлийн нэр хүндийг эрхэмлэн бэхжүүлэх талаар хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэжээ.