Өнөөдөр /202609.27/ Увс, Завхан, Хөвсгөлийн нутгаар, маргааш буюу энэ сарын 28-нд Булган, Сэлэнгэ, Төв аймгийн зарим сумд, Хэнтий, Дорнодын хойд сумдын нутгаар нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, энэ сарын 27-30-нд шөнөдөө хөрсөн дээр цочир хүйтрэх тул тариа, ногоо цасанд дарагдах, ил задгай төмс, хүнсний ногоо хайрагдаж болзошгүйг анхааруулж байна.
Тодруулбал, энэ сарын 27-28-нд шилжих шөнө Завханы зүүн, Хөвсгөл, Булган, Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв аймгийн зарим сумдаар, энэ сарын 28-ны өдөр Архангай, Хөвсгөл, Булган, Төв, Сэлэнгэ аймгийн зарим сумд, Ховд, Говь-Алтай, Хэнтий, Дорнодын хойд сумдын нутгаар 0.0-3.0 мм бороо, нойтон цас, энэ сарын 29-нд Сэлэнгэ, Төв аймгийн зарим сумд, Хэнтий, Дорнодын хойд сумдын нутгаар, энэ сарын 30-нд Сэлэнгийн зүүн, Хэнтийн хойд, Дорнодын зарим сумдын нутгаар, 10-р сарын 01-нд Увс, Завхан, Хөвсгөлийн хойд сумдын нутгаар 0.0-5.0 мм бороо, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи энэ сарын 28-нд ихэнх нутгаар, 29-нд говь, тал, хээрийн нутгаар, 30-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.
Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтрэлт үргэлжилж, агаарын температур маргааш буюу энэ сарын 28-наас ихэнх нутгаар эрс хүйтэрч, шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -10...-15 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр -5...-10 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун хэсгээр +3...+8 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -3...+2 градус дулаан, бусад нутгаар -2...-7 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг-Үүр, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0...+5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10...+15 градус, бусад нутгаар +5…+10 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.