ТОЙМ: “Автомашин ачих” журам гаргаж Үндсэн хууль зөрчсөн Ц.Нямдорж, Д.Дорлигжав нарыг ч ярь Б.ЭНХБАЯР гишүүн ээ!

ТОЙМ: “Автомашин ачих” журам гаргаж Үндсэн хууль зөрчсөн Ц.Нямдорж, Д.Дорлигжав нарыг ч ярь Б.ЭНХБАЯР гишүүн ээ!

Өчигдөр /2022.01.14/-ийн УИХ-ын нэгдсэн чуулганы үеэр Б.Энхбаяр гишүүн, “Үндсэн хуулиас давсан, нулимж байгаад хэрэгжүүлэх гэсэн бодлого бүтэлгүйтдэг жамтай. Э.Бат-үүл хүний хувийн өмчийн газрыг хуулиар биш, Үндсэн хуулиас давсан нийслэлийн ИТХ-аар журам гаргуулж байгаад албадаж авах замаар гэр хорооллыг барилгажуулах гээд бүтэлгүйтсэн” гэж мэдэгдэв.

-“АВТОМАШИНЫГ АЧИЖ, ШИЛЖҮҮЛЭХ” ЖУРМЫГ БАТАЛСАН Ц.НЯМДОРЖ ҮНДСЭН ХУУЛИЙГ ЗӨРЧӨӨГҮЙ ГЭЖ ҮҮ! Б.ЭНХБАЯР ГИШҮҮН ЭЭ -

Угтаа Б.Энхбаяр энэ үгээрээ, “Э.Бат-Үүлийг намнаж” буй бололтой. Учир нь Э.Бат-Үүлд оногдуулсан ялыг зарим иргэд буруутгаж, авилгын хэрэгт холбогдсон МАН-ын гишүүдийг мөн адил хорих ялаар шийтгэ хэмээн шаардаж буй. Тэгвэл Үндсэн хуулийн 16.3-д “Монгол улсын иргэн нь хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө” гэж заасан байдаг. Хуулийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Энэ утгаараа өнөөдөр хэрэгжиж буй “Автомашиныг зөөж шилжүүлэх” журам нь Үндсэн хуулийг ноцтой зөрчиж байгаа юм.

Тодруулбал, “Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах” журмыг анх 2015 онд Хууль зүй дотоод хэргийн сайд асан Д.Дорлигжав баталж, 2019 оны зургадугаар сарын 7-ны өдөр Ц.Нямдорж шинэчлэн баталсан байдаг. Харин өдгөө энэхүү журам “автомашиныг жолоочтой нь ч хамт ачиж, бараг л хувийн өмчийг дээрэмддэг” болж хувираад байна. Угтаа хувийн өмчтэй болсон иргэний буруу биш, харин олон жил хотыг удирдсан МАН-ын удирдлагууд замбараагүй газар олгож, Улаанбаатар хотыг яагаад автомашины зам, зогсоолгүй болгов гэх асуулт ч гарна.

-ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧ БАЙХ ГЭСЭН ЗААЛТЫГ ӨӨРЧИЛЖЭЭ-

Өмнө нь дээрх журамд “Цагдаагийн алба хаагчийн шийдвэргүйгээр замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, тогтоомж зөрчсөн тээврийн хэрэгслийг түр саатуулах, зөөж шилжүүлэхийг хориглоно” гэж заасан байсан бол сүүлд өөрчлөгдсөн байна.Тодруулбал, Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах тухай журмын

  • 18.1-д автомашиныг “зөөж шилжүүлэх ажиллагааг эхлэхийн өмнө анхааруулах зорилгоор 3-аас доошгүй удаа чанга яригчаар зарлан мэдэгдэх”;
  • Мөн тус хуулийн 14.1-д тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэхийн өмнө болон шилжүүлэхээр бэлтгэж байх /ивүүр, татлага, бэхэлгээ хийх/ явцад тухайн тээврийн хэрэгслийн жолооч /эзэмшигч, өмчлөгч/ ирвэл шийтгэл оногдуулж, тээврийн хэрэгслийг хүлээлгэж өгнө;

гэж өөрчилжээ. Товчхондоо, иргэний өмч болох автомашиныг ачихад хууль сахиулагчийн шийдвэрт үндэслэхгүй, харин автомашины ачилтын компанийн ажилтны шийдвэрт үндэслэдэг болгон өөрчилж Ц.Нямдорж журам гаргасан байгаа юм. Иймд журам гаргаж Үндсэн хуулийг зөрчсөн ХЗДХ-ийн сайд асан Д.Дорлигжав болон Ц.Нямдорж нарын талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ярих шаардлага байна.




Өнөөдөр тахиа өдөр

25 минутын өмнө