А.Базар: УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын “Оргил” худалдааны төв нийтийн эзэмшлийн газрыг чөлөөлөх хүртэл нь явна

А.Базар: УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын “Оргил” худалдааны төв нийтийн эзэмшлийн газрыг чөлөөлөх хүртэл нь явна

Хан-Уул дүүргийн “Энканто” хотхонд үйл ажиллагаа явуулдаг “Оргил” худалдааны төвийн авто зогсоол нь явган болон дугуйгаар зорчигчдын хөдөлгөөнд саад учруулж байгаа талаар цөөнгүй иргэн хэлж, гомдоллож ирсэн. Улмаар хуульч А.Базар Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд "Камдер" ХХК-ийн эзэмшилд байдаг “Оргил” худалдааны төвийн автомашины зогсоолоос тус компанийн эзэмшилд хамааралгүй газрыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийг иргэн хүний хувьд гаргасан байдаг.

Нэхэмжлэлийн дагуу өнгөрсөн оны наймдугаар сард Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хуралдаан болж, тус авто зогсоолын газрыг чөлөөлөх шийдвэр гаргаснаар олон хүний магнай тэнийж байв. Гэвч өнөөг хүртэл шүүхийн шийдвэр хэрэгжээгүй, иргэдийн аюулгүй зорчих эрх зөрчигдсөөр байна. Учир нь Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазарын төлөөлөгч болон “Камдер” компанийн гаргасан гомдлын дагуу давж заалдах шатны шүүх “газар чөлөөл” гэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгожээ. Тиймээс бид уг маргааны процесс хэрхэн үргэлжилж байгаа талаар хуульч А.Базартай ярилцлаа.

-УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын "Камдер" ХХК-ийн эзэмшилд байдаг “Оргил” худалдааны төвийн автомашины зогсоолоос тус компанийн эзэмшилд хамааралгүй газрыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийг та өнгөрсөн онд Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргаж байсан шүү дээ. Тухайн үед болсон процессын талаар юун түрүүнд товч мэдээлэл өгөхгүй юу?  

-Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргахаас өмнө хоёр үе шатыг дамжсан. Нэгдүгээрт,  “Камдер” гэх компанид “танай авто зогсоол болгон ашигласан энэ талбайд явган хүний болон дугуйтай иргэдийн зорчих зам байх ёстой. Тиймээс та бүхэн чөлөөлж өгөөч ээ. Танай эзэмшил, гэрчилгээнд угаасаа хамаарахгүй юм байна” гэж хандсан. Гэвч ямар нэгэн хариу өгөөгүй.

Дараа нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Энэ компани гэрчилгээ бүхий газраа хэтрүүлж ашиглаж байна. Ингэснээр хүмүүсийн замын хөдөлгөөнд аюулгүй оролцох эрх, цаашлаад аюулгүй амьдрах эрх зөрчигдөж байна. Тиймээс зогсоолоос явган хүний зам байх ёстой талбайг чөлөөлж өгнө үү” гэж хандсан. Гэтэл шүүхээс “бид үүнийг авч үзэхгүй юм байна. Та бүхэн энэ асуудлаар Нийслэлийн засаг даргад хандана уу” гэж хэрэг үүсгэхээс татгалзсан. Үүний дагуу Засаг даргад “Газрын тухай хуулиараа гэрчилгээгүй газрыг чөлөөлөх ёстой. “Оргил” худалдааны төвийн урдах нарийн зурвас бүхий хэсэг нь гэрчилгээгүй. Энд явган хүний болон дугуйтай хүний зам байх ёстой” гэж хандсан. Гэвч мөн л ямар нэгэн хариу өгөөгүй.

Тиймээс бид Захиргааны хэргийн шүүхэд хандаж, “Нийслэлийн засаг дарга хариу өгөхгүй байгаа нь хууль бус болохыг тогтоож өгнө үү. Мөн Газрын тухай хуульд заасны дагуу арга хэмжээ авч, газрыг чөлөөлж өгнө үү” гэсэн нэхэмжлэл гаргасан байгаа.

-Таныг анх хүсэлт гаргахад Нийслэлийн засаг даргаар хэн ажиллаж байсан юм бэ?

-Яг анх засаг даргад хандах үед С.Амарсайхан ажиллаж байсан. Удалгүй солигдож, Д.Сумъяабазар засаг дарга болсон. Шүүх дээр Д.Сумъяабазар засаг дарга дуудагдаж, оролцсон байгаа.

-Нэхэмжлэл гаргасны дараа буюу 2021 оны наймдугаар сарын 13-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хуралдаанаар уг авто зогсоолын газрыг чөлөөлөх шийдвэр гаргасан. Гэтэл нөгөө талаас дахин гомдол гаргаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон гэж сонслоо?

-Тийм ээ. Маргаан гурван шатаар шийдэгдэж дууссан. Анхан шатны шүүх “энэ газрыг чөлөөлөх арга хэмжээ ав” гэдэг шийдвэрийг гаргасан. Үүнийг зөвшөөрөхгүй гэж “Камдер” компанийн хуульчид, мөн Нийслэлийн засаг даргын итгэмжилсэн төлөөлөгч гомдол гаргасан. Тухайн хоёр хүний гомдлоор Захиргааны хэргийн шүүх “газрыг чөлөөлөх арга хэмжээ авахгүй юм байна. Харин иргэний гаргасан өргөдөлд огт хариу өгөөгүй нь хууль бус. Тэгэхээр ямар нэгэн байдлаар хариу өгөх ёстой” гэсэн шийдвэр гаргасан. Бид Дээд шүүхэд хандсан. Гэвч Дээд шүүх шинэ хуулиараа маш цөөхөн тохиолдолд маргаан авч шийдвэрлэдэг болсон. Тэр утгаараа маргаан авахаас татгалзсан. 

-"Таны өргөдөлд хариу өгөөгүй нь хууль бус. Тэгэхээр ямар нэгэн байдлаар хариу өгөх ёстой" гэж шүүх үзсэн гэж байна. Тэгвэл шүүхийн шийдвэрийн дараа танд хариу өгсөн үү? 

-Давж заалдах шатны шүүхийн шийдвэр 11 дүгээр сард эцэслэгдсэн. Түүнээс хойш Засаг даргын зүгээс шүүхийн шийдвэр биелүүлээгүй, өргөдөлд ямар нэгэн байдлаар хариу өгөөгүй байна.  Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж, гүйцэтгэх хуудас бол гарсан.  Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн боловч одоогоор ямар нэгэн байдлаар хариу ирээгүй байна.

-Нөгөө талаас гомдол гаргасан нь хэр үндэслэлтэй гэж харж байна?

-Нөгөө тал чөлөөлөхгүй гэж гомдол гаргахдаа бидний эзэмшил бүхий газарт хамаарна гэдэг байдлаар маргадаггүй, гэрчилгээнээс давсан гэдэг дээр нь ч маргадаггүй. Харин “Базар үүнийг анхнаасаа мэдэж байсан. Тэгэхээр хөөн хэлэлцэх хугацаагаа хэтрүүлсэн байна. Яг Нийслэлийн засаг дарга хандсан гэдэг нь баримтаар тогтоогдохгүй байна” гэх мэт агуулгаар гомдол гаргаж байсан. Түүнчлэн Нийслэлийн засаг даргын зүгээс “бид нар арга хэмжээгээ авсан. “Камдер” гэх компанид Газрын албанаас нэг удаа мэдэгдэл очсон байна. Бид хуульд заасан арга хэмжээгээ авчихсан байна шүү дээ” гэдэг. Газрын тухай хуулийн дагуу нэгдүгээрт бичгээр мэдэгдэл өгнө. Үүнийг Газрын алба биш засаг дарга өгөх ёстой. Мэдэгдлийг биелүүлэхгүй бол цагдаагийн байгууллагаар албадан гүйцэтгүүлж газрыг чөлөөлнө гэсэн заалттай шүү дээ. Тиймээс миний зүгээс “та нар хэлбэр төдий байдлаар ажилласан. Яг хуульд заасан арга хэмжээгээ бүрэн аваагүй” гэж маргаад явж байна.

Камдер ХХК-ийн мэдээлэл, Эх сурвалж: УБЕГ

-Цаашид та ямар арга хэмжээ авъя гэж бодож байна?

-Би энэ хавьд амьдардаг, оршин суугч. Мөн энэ замаар дайрч Үндэсний цэцэрлэгт хүрээлэн рүү явдаг болохоор надад хамааралтай, чухал асуудал. “Камдер” гэх компани бол УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарынх шүү дээ. Ж.Ганбаатар гишүүн хувьцааг нь эзэмшдэг. Эрх мэдэлтэй хүмүүсийн компанид ч хууль яг ижил тэгш үйлчлэх ёстой гэдэг утга агуулгаараа мөн надад чухал. Тиймээс эцсийг нь хүртэл явж, газар чөлөөлөх хүртэл нь арга хэмжээ авахуулна. Нөгөөтээгүүр би хуульч хүн учраас нийгэмд бага ч гэсэн хувь нэмэр оруулж байгаа хэрэг гэж ойлгож байгаа.

-Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа.