ТОДРУУЛГА: Б.Бадраад холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна

ТОДРУУЛГА: Б.Бадраад холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна

Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурал /ИТХ/-ын дарга Б.Бадраа болон түүний хамаарал бүхий этгээдүүдийг хуулийн байгууллага шалгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.  

Тэгвэл уг хэрэг ямар шатандаа явж байгаа талаар прокурорын байгууллагын эх сурвалжаас тодруулахад "Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын дарга Б.Бадраа болон түүний хамаарал бүхий этгээдүүдэд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа. Тиймээс нарийн мэдээлэл өгөх боломжгүй" гэх тайлбарыг өглөө. 

Ташрамд өгүүлэхэд, Б.Бадрааг Цагаан хад суурьшлын бүсэд хууль бусаар газар авсан, түүнийгээ БНХАУ-ын иргэдэд өндөр үнээр худалдсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ. Уг хэрэгтэй холбогдуулан 2021 оны арваннэгдүгээр сарын 29-нд Б.Бадраа болон түүний хүү Б.Наранболд нарын  гэр болон ажлын байранд прокурорын зөвшөөрлөөр нэгж хийсэн.

Энэ явцад эх үүсвэр нь тодорхойгүй их хэмжээний бэлэн мөнгө, юань, үнэт эдлэл, хууль бусаар хадгалж байсан галт зэвсэг, сум зэргийг эд мөрийн баримтаар хураан авсан хэмээдэг.

Мөн эх үүсвэр нь тодорхойгүй хөрөнгөөр Хан-Уул дүүрэгт орон сууц, автомашин зэргийг худалдан авч мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон аж. Түүнчлэн их хэмжээний хөрөнгөөр мөрийтэй тоглосон байж болзошгүй үйлдэл илэрсэн болохыг эх сурвалжууд мэдээлсэн.




ГҮМҮДА-Тэр ертөнц

2 цагийн өмнө