Цагаан сарын үеэр зарим уяачид нийлж "хурдан морины нууц уралдаан” хийж магадгүй байгаа аж

Цагаан сарын үеэр зарим уяачид нийлж "хурдан морины нууц уралдаан” хийж магадгүй байгаа аж

Өнгөрсөн жил /2021 он/ Ардын хувьсгалын 100 жил ойн Үндэсний их баяр наадам болох байсан ч, коронавирус цар тахлын нөхцөл байдал хийгээд, зарим иргэд “no naadam” хэмээн эсэргүүцсэн тул наадмыг хойшлуулж, энэ жил /2022 он/ нөхөж тэмдэглэхээр болсон.

Тэгвэл зарим уяачид энэ жилийн Улсын баяр наадамд эртнээс бэлдэж, бүтэн жилийн хугацаанд хурдан морио уяж, тэжээж байгаа ажээ. Тодруулбал, саяхан /2021.12.11/ л гэхэд Багануур дүүрэгт хурдан морины ажил хийж явсан 13 настай хүү автомашинд дайруулж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Энэ мэтээр Улаанбаатар хотын ойролцоох Өлзийт хороолол, Налайх, Багануур дүүрэгт байх “морины жүчээ, хашаа”-нд бүх насны морьд уягдаж, энэ жилийн Улсын баяр наадамд бэлдэж байгаа ажээ. 

Харин “Цагаан сар”-ын шинийн 3-нд “Дүнжингарав” хурдан морины өвлийн уралдаан болдог уламжлалтай ч, энэ жилд тус уралдааныг зохион байгуулах тухай Засгийн газрын шийдвэр гараагүй. Товчхондоо, энэ жил тус уралдаан болохгүй гэсэн үг.

Иймд зарим уяачид “Цагаан сар”-ын баярын үеэр хэсэг бүлгээрээ нийлж, нууцаар морь уралдуулж болзошгүй байгаа аж. Харин тэд хаана, хэзээ, хэдэн цагт зохион байгуулах талаар олон нийтэд мэдэгдэлгүй, нууцалж байгаа аж. 

Тэгвэл, өнгөрсөн зун /2021.07.01/ Архангай аймгийн Өлзийт, Өгий нуур сумдад хатуу хөл хорио тогтоосон байх үеэр зарим иргэд нийлж нууцаар морь уралдуулж, энэ үеэр 6 настай хүүхэд мориноос унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал, зөвшөөрөлгүй морины сунгаа болж буй мэдмэгцээ сумын онцгой байдлын ажилчид үйл ажиллагааг зогсоохоор явсан байдаг. Гэтэл ЗДТГ-­ын автомашин ирж буйг харсан уяачид зугтах үеэр 6 настай хүүхэд мориноос унаж амиа алдсан гэдэг. Иймд удахгүй болох цагаан сарын баярын үеэр энэ мэт эрсдэл гарч болзошгүй байгаа аж. Иймд зарим эх сурвалжууд, “зарим зүйлийг хэт хааж, хориглоод эхлэхээр далд зохион байгуулалтад орж, бүр их эрсдэл дагуулж магадгүй байна.  Иймд зарим хориглолтыг сулруулах зүйтэй” гэсэн байр суурийг албаныханд хэлж байгаа ажээ.