ТОДРУУЛГА: Гадаадад зорчих эрх түдгэлзүүлснийг мэдсэн талаар иргэн Г.Майцэцэгээс тайлбар гаргаж байсан

ТОДРУУЛГА: Гадаадад зорчих эрх түдгэлзүүлснийг мэдсэн талаар иргэн Г.Майцэцэгээс тайлбар гаргаж байсан

“Exclusive” компанийн захирал Г.Майцэцэг энэ сард гадаад орон руу зорчихоор Чингис хаан нисэх буудалд очиход нь, “түүнд мэдэгдэлгүй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас хилийн хориг тавьсан” байсан хэмээн мэдэгдсэн.

Тэгвэл энэ талаар албаны эх сурвалж, “иргэн Г.Майцэцэгийн хувьд шүүхийн шийдвэрээр 121.1 сая төгрөгийн, түүний үүсгэн байгуулсан хуулийн этгээдэд холбогдох 475.1 сая төгрөгийн төлбөрийн асуудлаа шийдвэрлээгүйгээс 2020 онд албадлагын арга хэмжээ тогтоосон. Энэ талаар түүнд урьдчилан мэдэгдэж, танилцуулсан, гадаадад зорчих эрх түдгэлзүүлснийг мэдсэн талаар иргэн Г.Майцэцэгээс тайлбар гаргаж байсан нь холбогдох баримтад тусгагдсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хандаж эрх зөрчлөө, албадлагын арга хэмжээг мэдэгдээгүй гэх утга бүхий өргөдлийг бичгээр гаргасан.

Уг иргэний өргөдөл, хүсэлтийн дагуу эрх бүхий албан тушаалтнууд биечлэн уулзаж, өөрт хамаарах төлбөр төлсөн, төлбөр авагч нартай төлбөрийн асуудлаар харилцан тохиролцсон баримтаа ирүүлж, асуудлаа шийдвэрлүүлэхийг мэдэгдсэн. Хуулиар тогтоосон үндэслэлээр албадлагын арга хэмжээ тогтоогдож байгаа, холбогдох эрх зүйн актаар төлбөр төлөгчид урьдчилан мэдэгдэх, саатуулагдсан этгээдийг хүлээн авах, мэдээлэл солилцохтой холбоотой харилцааг уг журмаар зохицуулагдсан.

Иргэн Г.Майцэцэгийн хувьд 2016-2019 онуудад хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрүүдийг өнөөг хүртэл хугацаанд биелүүлээгүйгээс түүний эрхийг хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан, холбогдох баримтаа ирүүлж, асуудлаа шийдвэрлүүлэх боломж тухайн иргэнд байгаа ч эрхээ хэрэгжүүлэхгүй, бусдад учруулсан хохирол, төлбөрийг шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй атлаа өөрөө хохирсон, эрх зөрчлөө гэх асуудлаар мэдээлэл хийсээр байгаа нь үндэслэлгүй. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хүн бүхэн биелүүлэх ёстой” гэсэн юм.