Хамаатнуудаараа нийлж Вьетнам иргэний толгойд хар уут углаж, хутга тулган дээрэмдсэн хэрэг гарчээ

Хамаатнуудаараа нийлж Вьетнам иргэний толгойд хар уут углаж, хутга тулган дээрэмдсэн хэрэг гарчээ

Монгол улсад 2021 оны сүүлийн байдлаар гэхэд 123 улсын 16 мянган гадаадын иргэн түр болон албан, хувийн хэргээр оршин сууж байгаа аж. Тэгвэл сүүлийн үед манай улсад оршин сууж буй гадаад иргэдийг дээрэмдэж, хүч хэрэглэсэн хэрэг гарах болоод байна.

Жишээлбэл, энэ 2022 оны нэгдүгээр сарын 03-ны өдөр гэхэд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт БНХАУ-ын харьяат иргэнийг манай улсын дөрвөн иргэн бүлэглэн хүч хэрэглэж, түүний 1,1 тэрбум төгрөгийг дээрэмдсэн хэрэг гарч байсан. Мөн төрийн албан хаагчид нь хүртэл Хойд Солонгосын иргэнийг гэрт нь орж дээрэмдсэн хэрэг гарсан талаар бид өмнө мэдээлсэн.

Тэгвэл мөн БЗД-ийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт Дарь-Эхийн уулын орчимд Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын иргэн Х.Г-г Монгол Улсын гурван иргэн болох Ч,А,Б гэх төрөл садны холбоотой этгээдүүд хүч хэрэглэсэн дээрэмдсэн хэрэг гарсан байна.

Хэргийг тодруулбал, тус Вьетнам улсын иргэн болох Х.Г нь манай улсад авто засварын газрын үйл ажиллагаа зөвшөөрөлтэй эрхэлдэг байсан бөгөөд одоогийн Вьетнам улсын элчин сайдтай нэг тосгонд төрж өссөн, хувийн харилцаа сайтай нэгэн байжээ.

Тэрбээр хэрэг гарах үед бэлэн 29 сая төгрөгтэй явах үед нь толгойд нь хар уут углан, улмаар хутга тулгаж, хүчээр автомашинд суулган Дарь эхийн уулын эцэст аваачиж, дээрэмдэн хаясан байна.Хэргийн мөрөөр Эрүүгийн цагдаагийн алба, Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагч нар шуурхай ажиллан буруутай этгээдүүдийг олж тогтоосон бөгөөд саяхан прокуророос яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлсэн байна. Ойрын өдрүүдэд энэ төрлийн гадаад иргэдийг хүч хэрэглэн дээрэмдэх нийтлэг шинж чанартай гэмт хэрэг огцом нэмэгдэж байгаатай холбогдуулан холбогдох албанаас аль болох бэлэн мөнгө авч явахгүй байхыг анхааруулж байгаа юм.