Монголын мэргэжлийн дугуйчид хилийн чанадыг зорилоо

Монголын мэргэжлийн дугуйчид хилийн чанадыг зорилоо

Монголын анхны мэргэжлийн баг тамирчид “Ferei-Mongolia Development team” /UCI continental/ анхны гараа болсон тэмцээнд оролцохоор өчигдөр эх орноосоо мордлоо. 

Өнгөрсөн оны 12 сард байгуулагдсан тус багт Монголын шилдэг 16 тамирчин уралдахаар гэрээ хийсэн бөгөөд энэ удаа ОУХМ Б.Мягмарсүрэн, Б.Тэгшбаяр, Э.Билгүүнжаргал, Э.Мөнхтулга, Б.Наранхүү, Д.Эрхэс нарын 6 тамирчин, Дасгалжуулагчаар ОУХМ Н.Хангарьд, туслах дасгалжуулагчаар СМ М.Гомбо нийт 8 хүнтэй баг Арабын нэгдсэн Эмират улсад /Tour of Sharjah/ 1 сарын 28-наас 2 сарын 01 хүртэл нийт 5 өдөр үргэлжлэх тэмцээнд оролцохоор ийнхүү явж байна. Багийн бүрэлдхүүнд 2 бариачин, 1 уулчин, 3 зүтгэгч дугуйчин багтаж байгаа юм.

Тус уралдаан нь 2013 оноос эхлэн зохион байгуулагдсан, Олон улсын дугуйн холбооны 2.1 ангилалд багтдаг нэр хүндтэй тэмцээн юм. Манай баг тэмцээний дараа шууд Туркийн цуврал тэмцээнүүдэд 3 дугаар сарын 20 хүртэл нийт 8 тэмцээнд оролцоно. Мөн шилдэг тамирчид нь Азийн аварга шалгаруулах тэмцээнд уралдахаар Таджикстан улсыг зорих юм.

Мөн Эмиратын тэмцээнд Малайзын “Terengganu cycling team” багаас уралдаж байгаа, “Тour of Thailand” тэмцээний аварга ОУХМ С.Жамбалжамц уралдах юм байна. Монголын баг тамирчид Тайландын тэмцээнтэй адилхан онц сонирхолтой, ширүүн өрсөлдөөнийг үзүүлнэ гэдэгт найдаж байгаа бөгөөд энэ удаад Европын олон хүчтэй багууд оролцож амаргүй тэмцээн болох юм. Тодруулбал, 24 мэргэжлийн багийн 144 тамирчин хурд хүчээ сорихоор АНЭУ-д очжээ.