Ц.Шаравжамц: Бээжин рүү явах хүмүүс бүгд алдаагүй хувцас өмсөөд явна

Ц.Шаравжамц: Бээжин рүү явах хүмүүс бүгд алдаагүй хувцас өмсөөд явна

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Бээжин-2022 өвлийн олимпд оролцох Монголын баг тамирчдын өмсөх “Michel&Amazonka”-ийн урласан хувцас алдаатай бичигдсэн хэмээн иргэдийн дунд нэлээдгүй хэл ам дагуулсан билээ.

Тэгвэл энэ талаар Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц нар дараах мэдэгдлийг гаргасан байна. Ц.Шаравжамц өөрийн цахим хуудаснаа “Уучлаарай. Буруутан хайгаад байгаа бол намайг буруутга. Цамц ирэнгүүт нь анзаарахгүй өмссөн байна лээ. Орой лигийн тогтолт дээр алдаагүй сүүлийн загвараа авчирч өгсөн. Тэгэхдээ манайх захиалаагүй, манайх хийгээгүй төсвөөс мөнгө гараагүй гэдгийг болгооно уу? Маргааш Бээжин рүү явах хүмүүс бүгд алдаагүй хувцсаа өмсөөд явна. Миний буруу” гэжээ.

Харин үйлдвэрлэгч Michel&Amazonka нь дараах мэдэгдлийг гаргажээ. “Монгол улсын шигшээ багийн өвлийн олимпод өмсөх хувцас хэрэгслүүдийг хариуцан ажилласан. Уламжлал ёсоор нээлтийн өдөр буюу 2022 оны 2 сарын 4-ны өдөр албан ёсны зураг мэдээлэл тайлбарыг өгдөг билээ. Гэвч олон нийтийн сүлжээнд буруу ташаа ойлгогдохоор зураг мэдээллүүд гарч байгаа тул тамирчдын олимпын үеэр өмсөх хувцас хэрэглэлийн зургийг өнөөдөр урьдчилан нийтэлж байна. Хувцас хэрэглэл нь эцсийн хувилбараар гарах хүртлээ хэд хэдэн удаагийн туршилтын загвар гарч байж батлагддаг. Тухайн сошиал орчинд тархсан зураг дээрх загвар нь анхны загвар байгаа болно. Монгол улсын шигшээ багийн өмсөх ноосон хослолын эцсийн загвар дээрх G үсэг тодорхой болгон зассан харагдаж байгааг хавсаргасан зурагнаас харна уу. Та бүхэнд үл ойлголцол үүсгэсэнд Michel&Amazonka хамт олны зүгээс хүлцэл өчиж байна. Түүхий эд, материалын дутагдалтай хүнд үед үндэсний үйлдвэрлэлээ дэмжин биднийг сонгон хамтран ажилласан МҮОХ-нд талархал илэрхийлэхийн хамт Олимпын багийн хувцас хэрэгслийг урлах хүндэт үүргийг цаашид хичээнгүйлэн үргэлжлүүлэх болно. Бид хамтдаа дэмжинэ” гэжээ.