Н.Батсуурийг "Нийтийн эзэмшилд халдсан" гэх үндэслэлээр Сар шинийн барилдаанд барилдуулахгүй гэж шийджээ

Н.Батсуурийг "Нийтийн эзэмшилд халдсан" гэх үндэслэлээр Сар шинийн барилдаанд барилдуулахгүй гэж шийджээ

Сар шинийн бөхийн барилдаанд Улсын аварга Н.Батсуурь, Улсын заан Р.Пүрэвдагва нарыг барилдуулахгүй гэх шийдвэрийг Үндэсний бөхийн холбооноос гаргасан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тэгвэл тэднийг дараах шалтгаанаар Сар шиний бөхийн барилдаанд оролцуулахгүй гэж шийджээ. Тодруулбал, Улсын аварга Н.Батсуурийг нэгдүгээр сарын 13-ны өдөр бөхийн өргөөний хувцас солих өрөөний толийг хагалсан гэх шалтгаанаар ёс зүйн хариуцлага тооцож, Сар шинийн бөхийн барилдаанд оролцуулахгүй гэж үзсэн байна. 

Энэ талаар МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав "Нийт бөхийн эрх ашгийг хамгаалах үүрэгтэй хүний хувьд Н.Батсуурьт яагаад ёс зүйн хариуцлага хүлээлгэснийг нийтэд зарлах боломжгүй.  МҮБХ-ны тэргүүлэгчид Н.Батсуурийг нэгдүгээр сарын 13-ны өдөр ёс зүйн зөрчил гаргаж, нийтийн өмчид халдсан гэх үндэслэлээр Цагаан сарын барилдаанд оролцуулахгүй.  Бөхийн өргөөнд учруулсан хохирлыг бүрэн гаргуулах хатуу анхааруулга өгч, дахин энэ мэт асуудал гаргавал барилдах эрхийг гурван сараар хасахаар сануулга өгч, тогтоол гаргасан" гэв. 

Харин Улсын аварга Н.Батсуурь "Би ард түмнээ хүндэтгэж, Сар шинийн бөхийн барилдаанд барилдахгүй байхаар шийдэж байна. Харин ёс зүйн хариуцлагын тухайд Бөхийн өргөөний хувцас солих өрөөний толийг би бус харин намайг дэмждэг дэмжигч хагалсан. Гэхдээ хохирлыг би төлж барагдуулсан. Үнэхээр надад ёс зүйн хариуцлага хүлээлгэж энэ удаагийн барилдаанд барилдуулахгүй гэж шийдсэн бол энэ тогтоолоо эрт мэдэгдэх ёстой байсан. Гэтэл өчигдөр мэдэгдээд өнөөдөр барилдуудахгүй гэж байна. Би нэгдүгээр сарын 13-ны өдрийн барилдаанд барилдах гэж ирснээс бус үймээн самуун гаргах гэж ирээгүй гэдгийг ойлгох хэрэгтэй" гэх тайлбарыг өглөө. 

Тэгвэл Н.Батсуурийг нарийг Сар шинийн бөхийн барилдаанд барилдуулахгүй гэх шийдвэр гаргасан тэргүүлэгчид хэн хэн байв.  МҮБХ-ны тэргүүлэгчид 15 хүн байдаг аж. Харин дээрх шийдвэр гаргах хуралд Ц.Магалжав,  Түмэндэмбэрэл, Арслан Азжаргал ,  Гарьд Гантогтох, Доржсамбуу, Харцага  Бадарч,  Батболд, Начин Жанчивдорж, Амарбаясгалан, Сампилдондов, Цэрэнсамбуу  Ням нар байжээ.