Тамирчдын хувцас, хэрэглэл дээр удаа дараа алдаа гаргасан Олимпын хороо хариуцлага хүлээх үү

Тамирчдын хувцас, хэрэглэл дээр удаа дараа алдаа гаргасан Олимпын хороо хариуцлага хүлээх үү

Бээжингийн олимпод оролцох Монголын багийн хувцсан дээр “Moncolia” хэмээн алдаатай бичсэн нь олны анхаарлыг татаж, багагүй шүүмжлэлд өртөөд буй.

Олимпын хорооноос өнгөрсөн пүрэв гарагт өвлийн олимпод оролцох тамирчдад хувцас хэрэглэлийг нь гардуулан өгсөн талаараа өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн. Гэтэл өнөөх гардуулж өгсөн гэх хувцас нь алдаатай, хатуухан хэлэхэд "Бранк" хувцас байсан нь өнгөрсөн амралтын өдрүүдэд ил болов. 

Олон улсад эх орноо төлөөлөн оролцох баг тамирчдын хувцас, хэрэглэл үг үсгийн алдаатай байгаа нь том асуудал. Олимпын хороо нь баг тамирчдынхаа хувцас, хэрэглэлээс эхлээд бүхий л зүйлд анхаарал хандуулах учиртай. Гэтэл Олимпын хороо одоог хүртэл дээрх алдааныхаа талаар албан ёсны тайлбар хийж, хүлцэл өчсөнгүй. 

Харин Олимпын хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг нь өөрийн цахим хуудсаараа дамжуулан “Олимпын багийн алдаатай хувцсыг засуулахаар үйлдвэр рүү буцаасан” хэмээн хээвнэг  тайлбар хийгээд суух.

Тэдний алдаа энэ удаад бус “Токио 2020” олимпын зуны наадмын үеэр ч гарсан билээ. Тодруулбал, тус олимпын боксын төрөлд оролцсон шигшээ багийн тамирчдын хувцас стандарт бус байснаас болж, тамирчид ямар нэгэн ивээн тэтгэгч компанийн лого, бичиггүй бэлтгэлийнхээ хувцсыг өмсөж тулалдаж байсан удаатай. Гэвч үүнд хариуцлага хүлээсэн эзэн байгаагүй. 

Энэ удаад ч гарахгүй нь бололтой.