“Eurasiareview” сайтад “Баавгай, Луу хоёрын хоорондох Монголд АНУ-ын тусламж хэрэгтэй байна” гэх нийтлэг гарчээ. Уг нийтлэлийг орчуулан хүргэж байна.
-БААВГАЙ/ОХУ/, ЛУУ/БНХАУ/ ХОЁРЫН ХООРОНДОХ МОНГОЛД АНУ-ЫН ТУСЛАМЖ ХЭРЭГТЭЙ БАЙНА-
Ши Жиньпин, Владимир Путин нарын ерөнхийлөгчид бол автократууд. Орос Украиныг хоёр дахь удаагаа түрэмгийлж, задлахаар заналхийлж байгаа бөгөөд үүний өмнөхөн тэдний "энхийг сахиулах" цэргүүд нэг намын засаглалд автаж, авлигад идэгдсэн засгийн газрыг дэмжин Казахстанд үүрэг гүйцэтгээд буцаж ирэв. Түүнчлэн Хятад улс зэвсэгт хүчин, эдийн засгийн хориг, дипломат дарамт үзүүлэх байдлаар Тайваньд шууд заналхийлж Ази Номхон далайн бүс нутгийн ноёрхогч болохын тулд цэргийн хүчээ нэмэгдүүлж байна. НАТО-гийн орнууд Путиныг түлхэн унагах төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхээр улайрч, АНУ Хятадын түрэмгийллийн эсрэг холбоотнуудтайгаа хамтран ажиллаж байгаа энэ үед АНУ Монгол дахь ардчиллын дэмжлэгээ хоёр дахин нэмэгдүүлэх цаг болжээ.
1205 оноос эхлэн Монголчууд Төв Азийн тал нутгаас мордон гарч, ойролцоогоор хорин жилийн дотор баруун талаараа Каспийн тэнгис, зүүн талаараа Хятадын тэнгис, хойд талаараа Сибир, өмнөд талаараа Түвд хүртэлх газар нутгийг эзэлж байсан түүхтэй. Монголчуудын эрх мэдэл хамгийн дээд цэгтээ хүрч, дэлхийн хамгийн том зэргэлдээ гүрнийг захирч байжээ. Харин одоо Орос, Хятадын хооронд далайд гарцгүй оршиж байна.
Монгол 1989 онд Төв Азийн улс төрийн газрын зурагт дахин нэг тэмдэг тавьсан. Тодруулбал, ардын хүчний хувьсгал Коммунист намын дарангуйллыг халж, чөлөөт зах зээлийн ардчиллыг бий болгосон. Энэ үед ЗХУ задрахын ирмэг дээр байсан бөгөөд Хятадын эдийн засгийн өсөлт дөнгөж эхэлж байв.
Энэхүү улс төрийн орон зайд АНУ-ын тусламж, Бүгд найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн, Азийн Нийгэмлэг, Европын түншүүд зэрэг төрийн бус байгууллагууд Монголын иргэний нийгэм, засгийн газартай хамтран эдийн засаг, улс төрийн шинэ дэг журамд нэн чухал институцуудыг үндэс болгохоор ажилласан. 1996 оны УИХ-ын сонгуулиар Монголчууд сөрөг хүчнийхээ намуудын эвсэлд төрийн эрх мэдлийг шилжүүлснээр орчин үеийн Төв Азийн түүхэнд анх удаа улс төрийн эрх мэдлийг тайван замаар шилжүүлсэн түүхтэй.
-МОНГОЛЫН ШҮҮХ ЗАСАГЛАЛД УЛС ТӨРЧИД ХӨНДЛӨНГӨӨС ОРОЛЦОЖ БАЙНА-
Хоёр аварга, “түрэмгий” хөршийн дунд оршсон ч Монгол Улс улс төрөөс хараат бусаар гарч ирж, ардчиллын үзэл санааны бүс нутгийн туузан дамжуулагч болж байв. Монгол Улс Хойд Солонгостой сайн харилцаатай. Ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдорж засгийн газрын сан байгуулж, Киргизээс парламентын гишүүдийг авчирч засаглалын туршлагаа солилцож байв. Ардчиллын төлөөх үндэсний лиг сонгуульд ялсны дараахан Монголын төрийн бус байгууллагууд Мьянмарын сэтгүүлчид, иргэний нийгмийн байгууллагуудтай харилцаа тогтоож, хэвлэлийн эрх чөлөөний асуудал, хараат бус хэвлэл мэдээллийн ач холбогдлын талаар хэлэлцээ зохион байгуулсан.
Монголын үе үеийн засгийн газрууд дипломат болон эдийн засгийн харилцаагаа төрөлжүүлэх зорилгоор “Гуравдагч хөрш” гадаад бодлогынхоо хүрээнд барууны орнуудтай холбоо тогтоож, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 18 мянга гаруй цэрэг илгээсэн. Гуравхан сая гаруй хүн амтай улсын хувьд энэ нь тун гайхалтай зүйл юм.Гэвч энэ бүх ололт амжилт өнөөдрийн Монголд тийм ч сайнаар нөлөөлсөнгүй.
Эдийн засаг, улс төрийн ахиц дэвшилд чиглэсэн олон нийтийн хандлагын гол хэмжүүр болох BTI-ийн өөрчлөлтийн индексээр тус улсад улс төр, тэр дундаа шүүхийн салбар дахь авлига улам бүр нэмэгдэж байгаа бөгөөд цаашдын хөгжилд заналхийлж буй аюул гэж үзсэн байна.
Транспэрэнси Интернэшнл(TI)-ийн 2020 оны тайланд дурдсанаар Монгол Улс авлигын индексээрээ 180 орноос 118-д жагсжээ. Мөн тайланд “Монголын шүүх засаглалд улс төрийн нөлөө бүхий хүмүүс хөндлөнгөөс оролцож байна. Шүүх эрх мэдлийн тогтолцоонд хөндлөнгөөс оролцох нь ямар ч үед түгшүүр төрүүлэх болно, ялангуяа парламентын гишүүдийн өөрсдийнх нь эсрэг авлигын хэргүүд гарч байгаа үед энэ нь илүү түгшүүр төрүүлж байна” гэжээ. Шүүхийн үйл ажиллагаан дахь улс төрчдийн оролцооны галыг улам бадраасан зүйл бол өнгөрсөн онд нийслэл Улаанбаатар хотын захирагч асан Эрдэнийн Бат-Үүлийг баривчилж, шоронд хорьсон явдал юм.
Ардчиллыг төлөвшүүлэхэд маш шийдэмгий, урт хугацааны хүчин чармайлт шаарддаг. Монголын Засгийн газрын албан тушаалтнууд болон АНУ-ын улс төрийн удирдагчид харилцан ойр ойрхон айлчлах нь гуравдагч хөршийн үзэл баримтлалыг бататгах бөгөөд АНУ Монголын эмзэг эдийн засгийг улам бэхжүүлж, худалдааны түншүүдээ төрөлжүүлэхэд илүү их зүйлийг хийж чадна. Монголчууд улс төрдөө шилжилт хийгээд 30 гаруй жил болж байна. Төв Азид алслагдсан байршил, эдийн засгийн холбоо бага зэрэг нь АНУ-ын анхаарлыг татахад нөлөөлдөг. АНУ-ын хувьд Монгол хэзээ ч цэргийн ач холбогдол өгөхгүй орон хэдий ч, эрх чөлөөний "туяа" болж чадна.
Эх сурвалж: Eurasiareview