Э.Бат-Үүлийн хэвлэн нийтлэх эрхийг нь Прокурор хаасан тул, түүнд “цаас оруулахгүй, гаргахгүй” байгаа гэв

Э.Бат-Үүлийн хэвлэн нийтлэх эрхийг нь Прокурор хаасан тул, түүнд “цаас оруулахгүй, гаргахгүй” байгаа гэв

Улаанбаатар хотын дарга асан Э.Бат-Үүлд 4 жилийн хугацаатай хорих ял оногдуулж, нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах шийдвэрийг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан.

Учир нь Гэр хорооллын дахин төлөвлөлтөд шалгарсан Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайгийн “Гранд лайн” компанийн зээлийн төлбөрийг төлөхийн тулд “Бэрэн групп” ХХК-д мөнгө шилжүүлэхэд Э.Бат-Үүл Улаанбаатар хотын засаг дарга байсан учраас нөлөөлсөн байх ёстой гэж хар таамгаар ял өгсөн гэж зарим иргэд шүүмжилж байгаа юм.

Тэгвэл Э.Бат-Үүлийн “хэвлэн нийтлэх эрхийг нь прокурорын байгууллагаас хаасан” хэмээн түүний ойрын эх сурвалж мэдээлсэн. Ингэснээр тэрээр хорих ангиас захидал бичих, baabar.mn сайтад ч бичвэрээ нийтлүүлэх эрхгүй болсон байгаа юм. Мөн түүний хоригдож байгаа өрөөнд цаас оруулахгүй, гаргахгүй байгаа талаар эх сурвалж мэдээлжээ.

Гэтэл Үндсэн хуулийн 16.16-д Монгол улсын иргэн нь “итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх” эрхтэй хэмээн заасан байдаг. Үндсэн хуулиар олгогдсон энэ эрхийг нь хаасан талаараа албаны эх сурвалж, “Хууль зүй дотоод хэргийн сайд, Прокурорын байгууллагын хамтарсан журам”-ын дагуу шийдвэрлэсэн хэмээн тайлбарлаж байгаа аж. Гэтэл энэ нь Үндсэн хуулийг журмаар хязгаарлаж, хууль зөрчсөн явдал болж байгаа ажээ.