“Пирамид-Орд” ХХК Хөгжлийн банкнаас зээл авч, барьцаанд нь Х.Баттулгын толгойлж буй МоАХ-ны “газар”-ыг тавьжээ

“Пирамид-Орд” ХХК Хөгжлийн банкнаас зээл авч, барьцаанд нь Х.Баттулгын толгойлж буй МоАХ-ны “газар”-ыг тавьжээ

Монголын Ардчилсан Холбоо /МоАХ/ нь 1989 оны ардчилсан хувьсгалыг удирдан зохион байгуулсан улс төрийн хөдөлгөөн гэдэг. Гэтэл энэ байгууллагыг 2015 онд Улсын бүртгэлд бүртгүүлж, тус холбооны хувьцаа эзэмшигч болон итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий ганц хүнээр Ерөнхийлөгч асан Х.Баттулга бүртгүүлсэн байдаг. 

Монголын Ардчилсан холбоо /МоАХ/-г Х.Баттулга эзэмшиж байна. Эх сурвалж: УБЕГ

Сонирхуулахад, Х.Баттулга Ерөнхийлөгчийн албан тушаалаас буудаг өдрөө МоАХ-г “Монгол Улсын баатар” цолоор шагнасан байдаг. Харин МоАХ-ны үйл ажиллагаа “Ардчиллын ордон” гэх байрандаа одоо ч явагддаг бөгөөд тус байшин болоод газар нь МоАХ-ны нэр дээр бүртгэлтэй байдаг. Энэ утгаараа МоАХ-ны байр, газрыг захиран зарцуулах эрх Х.Баттулгын мэдэлд байдаг байж магадгүй байдаг. Иймд тус холбооны байр, газрыг АН-д өгөх ёстой гэж үзэх иргэд ч олон бий.  

Монголын Ардчилсан холбоо /МоАХ/-ны эзэмшиж буй газрын мэдээлэл

МоАХ-ны байр

Тэгвэл хамгийн ноцтой нь “Пирамид-Орд” ХХК Хөгжлийн банкнаас зээл аваад барьцаанд нь МоАХ-ны “газар”-ыг тавьсан байна.

Тодруулбал, 2018 оны 6 дугаар сарын 19-ны өдөр “Пирамид-Орд” ХХК нь “Буман залуус 296 айлын орон сууц” барина хэмээн Хөгжлийн банкнаас 15 тэрбум төгрөгийн зээл авч, тус зээлийн барьцаанд МоАХ-ны газрыг тавьсан байна. Гэтэл зээлийн гэрээний хугацаа 2021 оны 11 дүгээр сард дуусаж, улмаар 23 тэрбум төгрөгийн зөрчил үүсчээ.Иймд энэхүү асуудал Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатнын шүүхэд очоод байгаа ажээ.

Товчхондоо, МоАХ-ны газрыг зээлийн барьцаанд алдахад ойрхон болжээ. 

Пирамид-Орд ХХК-ийг Г.Цолмон эзэмшинэ гэж УБЕГ-т бүртгүүлжээ

Иймд МоАХ-г итгэмжлэлгүй төлөөлөх эрхтэй хүний зөвшөөрөлгүй тус холбооны газрыг зээлийн барьцаанд тавина гэж байхгүй, иймд Х.Баттулга “Пирамид-Орд” ХХК-тай ямар холбоо хамааралтай вэ гэсэн олон таамаглалыг иргэд дэвшүүлж эхлээд байна. Тус холбооны тэргүүнээр Ерөнхийлөгч асан Х.Баттулга одоо ч ажиллаж буй.