ТОДРУУЛГА: "Давхар дээл"-ийн асуудлыг хэлэлцэх дунд суудлын хуралдааны тов гараагүй

ТОДРУУЛГА: "Давхар дээл"-ийн асуудлыг хэлэлцэх дунд суудлын хуралдааны тов гараагүй

УИХ-ын гишүүн Т.Доржханд, Н.Ганибал, Ш.Адьшаа нар Засгийн газарт дөрвөөс дээш УИХ-ын гишүүн ажиллахыг хориглоно гэх Үндсэн хуулийн заалтыг өөрчилж 100 хувь “давхар дээл”-тэй сайд нараас бүрдүүлэх шаардлагатай гэх агуулгаар Үндсэн хуулийн цэцэд хандсан. Цэц маргааныг үүсгэсэн бөгөөд өнгөрсөн арванхоёрдугаар сарын 27-ны өдөр хуралдах тов зарласан ч УИХ-ын Итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхболдын хүсэлтээр хойшлуулсан. 

Ийнхүү гацаанд ороод буй Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан хаврын чуулган эхэлтэл буюу гуравдугаар сарын 15-ныг хүртэл хуралдахгүй нь тодорхой болоод байгаа юм. Учир нь чуулганы хуралдаангүй үед Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэх боломжгүй.

Харин хаврын чуулган эхэлсэн даруйд уг асуудлыг Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар хэлэлцэх нь тодорхой гэх мэдээлэл бий. Энэ талаар Үндсэн хуулийн цэцийн хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад, "Одоогоор тов гараагүй байна" гэлээ. 

Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын шинээр байгуулсан хоёр яам буюу Эдийн засгийн хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны сайдыг томилох асуудал ч хойшлогдож байна. 

Шинээр байгуулах хоёр яамны сайдаар "давхар дээлтэй" буюу УИХ-ын гишүүнийг томилно гэх мэдээлэл бий. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд тус хоёр яамны сайдад "давхар дээл"-тэй буюу УИХ-ын гишүүнийг томилно гэж төлөвлөж байгаа. Тиймдээ ч Эдийн засгийн хөгжлийн сайдаар Сангийн сайд Б.Жавхлан, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар БШУ-ны сайд Б.Энх-Амгалан нарыг түр томилсон. Тус хоёр яамны сайдыг томилтол тэд уг ажлыг давхар хариуцах юм. Гэтэл "давхар дээл"-ийг зөвшөөрсөн шийдвэр нь МАН дотор нэгдсэн шийдэлд хүрч чадахгүй улмаар үүнээс нь болж Цэц хуралдахгүйгээс болж шинэ яамдын сайд нарын томилгоо хойшилж байна. Давхцаад чуулган завсарласан учир хавар болтол тус хоёр яамны сайд нар томилогдохгүй нь.