Жүжигчин Н.Ононгийн эхнэр ҮАГ-ын орлогч дарга Я.Сарансүхийн хүсэлтээр шүүх хурал тодорхойгүй хугацаагаар хойшилжээ

Жүжигчин Н.Ононгийн эхнэр ҮАГ-ын орлогч дарга Я.Сарансүхийн хүсэлтээр шүүх хурал тодорхойгүй хугацаагаар хойшилжээ

Үндэсний аудитын газар /ҮАГ/-ын орлогч дарга Я.Сарансүхийг шүүх хурал нэгдүгээр сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогдоод байсан билээ. 

Тэгвэл тус шүүх хурал дахин хойшилжээ. Тодруулбал шүүгдэгч Я.Сарансүхийн хүсэлтээр шүүх хурал тодорхойгүй хугацаагаар хойшилсон байна. 

Я.Сарансүхийг төрд 18.9 сая төгрөгийн хохирол учруулсан хэмээн үзэж, Төрийн албаны зөвлөлөөс нэхэмжлэл гарган, шүүхэд хандсан байдаг. Улмаар энэ сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд болсон шүүх хурлаар нэхэмжлэгч болон хариуцагч талууд нотлох баримт цуглуулах хүсэлт гаргаж, шүүх бүрэлдэхүүн дээрх хүсэлтийг хүлээн авч, шүүх хурлыг өнөөдрийг хүртэл хойшлуулаад байсан юм. 

Хэргийг эргэн сануулахад, Я.Сарансүхийг Нийслэлийн дотоод аудитын газрын даргаар ажиллаж байхдаа байгууллагынхаа нэр бүхий албан хаагчийг үүрэгт ажлаас нь хууль бусаар чөлөөлсөн. Үүнээс үүдэж төрд 18.9 сая төгрөгийн хохирол учирсан хэмээн үзэж байгаа аж. 

Ташрамд өгүүлэхэд, Я.Сарансүх нь МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд саяхан томилогдсон Монгол Улсын Гавьяат жүжигчин Н.Ононгийн эхнэр юм.  




Өнөөдөр бар өдөр

49 минутын өмнө