Р.Хатан: Өвлийн олимпод оролцож буй манай хоёр тамирчинд зардал, мөнгөний гачигдал гараагүй

Р.Хатан: Өвлийн олимпод оролцож буй манай хоёр тамирчинд зардал, мөнгөний гачигдал гараагүй

Бээжингийн олимпод цанын төрөлд эх орноо төлөөлөн оролцож буй тамирчин А.Энхтуул, Б.Ачбадрах нар өнөөдөр /2022.02.08/ богины зайн төрөлд өрсөлдөнө. Тэдэнд амжилт хүссэн олон нийтийн сэтгэгдэлтэй зэрэгцэн зардал мөнгөгүй хүндхэн байдалд орсон гэх яриа гарсан. Тодруулбал, тэдний Бээжин рүү нисэх зардлыг МАК корпораци хариуцаж, Хүннү эйр ашгийн бус нислэг үйлдэн хүргэж өгсөн мөн цана тослогчгүйгээр олимпод оролцож уралдах гэж байна гэсэн мэдээллийг зарим хүмүүст сошиалд нийтэлсэн байв. Энэ болон бусад асуудлыг тодруулахаар Монголын цанын холбооны ерөнхийлөгч Р.Хатантай холбогдлоо.

-КВОТГҮЙ БАЙСАН УЧИР БИ ӨӨРИЙНХӨӨ ОРОНД БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ХОРООНЫ ЭМЧИЙГ ЯВУУЛСАН. ЦАНА ТОСЛОГЧООР МАНАЙ ХОЛБООНЫ НБД АЖИЛЛАНА-

-Тамирчдын Бээжин явах зардлыг МАК корпорациас гаргаж, Хүннү эйр ашгийн бус нислэг үйлдэн хүргэж өгсөн гэх мэдээлэл гарсан. Энэ үнэн үү. Ер нь тамирчдын олимпод оролцоход шаардагдаж буй санхүүжилт хангалттай байж чадаж байгаа юу?

-Юу гэж тийм зүйл байх билээ. Эгч нь “Хүннү эйр”-ийн онгоцоор ниссэн хүмүүсийн асуудлыг мэдэхгүй. Харин манай хоёр тамирчны зардлыг нь Биеийн тамир, спортын улсын хорооноос гаргасан. Улсын шигшээ багийн тамирчид учраас зардал, санхүүжилтийг гаргаад явуулдаг. Найман эмч явж байгаа гэх мэдээлэл гарсан. Найм биш нэг л эмч явсан. Үндэсний олимпын хороо, Биеийн тамир, спортын улсын хороо бидэнтэй сайн хамтарч ажилласан. Хэрэв тэгээгүй бол бид дуугүй байхгүй ямар нэгэн юм яриад явж байна шүү дээ. Манайх мэргэжлийн холбоо. Тамирчдынхаа дөрвөн жилийн хөдөлмөрийн үр дүнг үзэх гэж буй хүлээлттэй. Тийм байхад зардал, мөнгөний дэмжлэггүй бол “хэл ам” хийнэ шүү дээ.

-Танай холбооноос яг хэдэн хүн Бээжин олимп руу явсан юм. Манай хоёр тамирчин цанын тослогчгүй явчихсан, хүнд нөхцөлд байна гэх шүүмжлэлийг олон нийт хэлж байгаа шүү дээ?

-Яг үнэндээ Монголын цанын холбоонд дөрвөн квот ирсэн. Хоёр тамирчин, нэг дасгалжуулагч, нэг албаны хүн явах ёстой гэсэн. Албаны хүний квотоор би явах байсан. Гэхдээ би татгалзсан. Учир нь эмчийн орон тоо байгаагүй. Тиймээс би үлдэж өөрийнхөө оронд Биеийн тамир, спортын улсын хорооны эмчийг явуулсан юм. Тэдэн дээр нэмж холбооны зардлаар нарийн бичгийн даргаа явуулсан.

Нарийн бичгийн дарга хүн маань холбооны спортын мэргэжлийн хүн учир одоо цанын тослогч хийж байна. Олимпод явсан бусад хүмүүсийг мэдэхгүй байна.

-Дөрвөн квотыг аль байгууллагаас өгсөн юм?

-Хятадын талаас ч цөөн хүний квот тавьсан байсан. Мөн Монголын олимпын хорооноос ч ийм шаардлага тавьсан. Төсвийн асуудал мөн хүнд байдаг байх.  

-МОНГОЛЫН БАГИЙГ АХАЛЖ БУЙ Ц.САНДУЙГ ОЛИМПЫН ХОРООНООС Л ЯВУУЛСАН БАЙХ-

-Бээжингийн өвлийн олимпод оролцох Монголын багийн ахлагчаар НИТХ-ын дарга асан Ц.Сандуй ажиллаж байна. Ер нь дэлхийн, олимпын наадамд оролцох багийн ахлагчийн ямар шалгуураар сонгодог юм бол?

-Түүнийг мэдэхгүй байна. Олимпын хорооноос л шийдвэрлэсэн байх.

-Зуны олимпын төрөлд багтдаг спортын холбооны тэргүүн /Ц.Сандуй Триатлоны холбооны тэргүүн/ хүн өвлийн олимпын багийг ахалж буйг та хэрхэн харж байгаа вэ? 

-Гайхах зүйл алга. Хамгийн гол нь дөрвөн жилийн хөдөлмөрөө зөв үнэлүүлэх бидэнд чухал юм. Тиймээс бид үүнд л анхаарч байна. Гүйлтийн цанын спортын төрөл нь маш их тэвчээр  шаарддаг. Манай хоёр тамирчин өнгөрсөн дөрвөн жил  тэсвэр тэвчээр гаргаж бэлтгэл сургуулилтаа хийсэн.

Одоо үр дүнгээ үзэх гэж байна. Тиймээс тамирчидтай холбоотой элдэв цуу яриа битгий гараасай л гэж хүсч байна. Манай холбооны бүх ажилчдын ажлын үр дүн шүү дээ. 2020, 2021 оны хөл хорионы хүнд үед их хөөцөлдөж байж эрхээ авах тэмцээндээ явах, бэлтгэлээ хийх зэрэгт анхаарч байлаа.

Бид өнгөрсөн жил Швейцарийн цанын холбоотой маш сайн хамтран ажиллаж үндэснийхээ дээд амжилтыг тогтоосон. Өмнө нь нэг тамирчин ганц л зайнд уралдаад болчихдог байсан бол энэ жил хоёулаа хоёр, хоёр зайнд уралдах гэж байна. Мөн Швейцарт байхдаа эрх авах тэмцээндээ амжилттай оролцсон. Швейцарийн залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч манай тамирчдыг удирдсан. Одоо ч манайх энэ хүний удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийж байна. Ерөөс энэ холбоонд баярлалаа гэж хэлмээр байна. Учир нь өнгөрсөн наймдугаар сарын 01-ны өдрөөс хойш 45 хоногийн бэлтгэлийг Швейцарьт хийсэн. 

Швейцарийн талаас байр, хоол, дасгалжуулагчийн цалин хөлс гээд бүх зардлыг бүрэн хариуцсан. Мөн хувцас, цана, хэрэглээний материалын брэндүүд бидэнд дэмжлэг үзүүлж, бэлэглэсэн.

-Ер нь Монголын цанын спортын хөгжилд гадны улсууд ч дэмжлэг үзүүлдэг юм байна гэж ойлголоо. Дотоодын дэмжлэг хэр байдаг вэ?

-Монголын цанын холбоо бие даасан үйл ажиллагаатай. Олон улсын цанын холбоондоо бүртгэлтэй. Тиймээс тамирчдынхаа хувцас, эд хэрэглэлийг олох чиглэлд ажиллах ёстой юм. Бид нар өөрсдийнхөө ажлыг л хийж байгаа юм. Биеийн тамир, спортын улсын хорооноос шигшээ багийн тамирчдад зориулж хувцас, эд хэрэглэлийг өгдөг. Өгөлгүй яахав.

-МАНАЙ ХОЁР ТАМИРЧНЫ БИЕИЙН БАЙДАЛ, СЭТГЭЛ ЗҮЙ САЙН БАЙГАА. ШВЕЙЦАРИЙН ЦАНЫН ХОЛБООНЫ ДЭМЖЛЭГИЙН ҮР ДҮНД ИЙМ АМЖИЛТТАЙ БАЙНА-

-Та хоёр тамирчинтайгаа холбоотой байгаа байх. Тамирчдын маань сэтгэл зүй, биеийн байдал ямар байна гэнэ?

-Өдөр болгон холбоотой байгаа. Биеийн байдал, сэтгэл зүй нь сайн байна. Сая Засгийн газраас 10, 10 сая төгрөг өглөө. Энэ бол тэдэнд үзүүлж буй том дэмжлэг. Хамгийн гол нь Швейцарийн цанын холбооны дэмжлэгийн үр дүнд бид ийм амжилт гаргалаа.

Сая Ерөнхий сайд маань яг мэргэжлийнхээ холбоотой уулзах байх гэж бодож байсан. Гэтэл уулзаж амжилгүй явчихлаа. Хэрвээ уулзвал Швейцарийн цанын холбооны дэмжлэгийг дурдах байсан.

Цар тахлын хүнд үед бэлтгэл сургуулилт хийх гэхэд ядаж цанын баазгүй. Гүйлтийн замтай цанын бааз манайд байхгүй. Ийм байхад Швейцарт бэлтгэл хийх боломжоор хангасан. Үүнтэй холбоотойгоор нэг сайхан мэдээ дуулгахад Монголын цанын холбоо хөөцөлдсөөр Төв аймгийн Борнуур сумын Шарын ам гэх газарт цанын баазын газраа авч үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн болоод байна. Бусад орны цанын баазынхантай ярилцаж, зөвлөгөө авч байна. Швейцарийн талаас зөвлөгөө өгч байна. Мөн дасгалжуулагч нар дээр минь хүртэл ажиллаж байна. Цаашид илүү сайн хамтарч ажиллахаар төлөвлөж байна.