Өвлийн олимпод оролцож буй тамирчдын цанын "тослогч"-оор МЦХ-ны Нарийн бичгийн дарга ажиллаж байгаа аж

Өвлийн олимпод оролцож буй тамирчдын цанын "тослогч"-оор МЦХ-ны Нарийн бичгийн дарга ажиллаж байгаа аж

Бээжингийн олимпод цанын төрөлд эх орноо төлөөлөн оролцож буй тамирчин А.Энхтуул, Б.Ачбадрах өнөөдөр /2022.02.08/ гүйлтийн цанын спринт зайн уралдаанд өрсөлдөнө. 

Эмэгтэйчүүдийн спринт /1.5км/ зайн урьдчилсан уралдаан 16:00 цагт эхлэх бөгөөд нийт 34 улсын 91 тамирчин өрсөлдөхөөр бүртгүүлээд байна. Эх орноо төлөөлөн оролцож буй ОУХМ А.Энхтуул 91 тамирчны 84-рт буюу 16:21 цагт гараанаас гарна. Урьдчилсан шатанд тамирчид 15 секундын зайтай ар араасаа гарах бөгөөд хамгийн сайн үзүүлэлттэй 30 тамирчин дараагийн шигшээ уралдаанд шалгарах болно.
 
Эрэгтэйчүүдийн спринт /1.5км/ зайн урьдчилсан уралдаанд нийт 44 улсын 90 тамирчин хурд, хүчээ сорихоор болжээ. Эхний тамирчин 16:45 цагт гараанаас гарах бол Монголын цанатай гүйгч ОУХМ Б.Ачбадрах 90 тамирчны 83-рт буюу 17:05 цагт уралдаанаа эхлэх хуваарьтай байна. Эрэгтэйчүүдийн төрөлд мөн адил эхний 30 тамирчин дараагийн шатанд шалгарч, тэмцээнээ үргэлжлүүлэх юм. Хоёрдугаар шатанд тунан үлдсэн 30 тамирчин таван хэсэгт хуваарилагдан өрсөлдөх бөгөөд хамгийн шилдэг үзүүлэлттэй 12 тамирчин хагас шигшээд шалгарах учиртай. Улмаар шилдэг зургаа нь финалд үлдэж, цааш медалийн төлөө уралдах юм. Манай тамирчид өмнө нь зөвхөн 10 болон 15 км-т уралддаг байсан бол энэ удаад эрхийн тэмцээнд сайн оролцсоны хүчинд спринт зайд уралдах эрхээ аваад байгаа билээ.

Манай тамирчдыг цана тослогчгүй явсан гэх мэдээлэл гарсан. Энэ талаар Монголын Цанын холбооны тэргүүн Р.Хатан манай сайтад ярилцлага өгөхдөө "Хятадын талаас цөөн квот өгсөн.  Энэ дагуу Монголын цанын холбоонд дөрвөн квот ирсэн. Хоёр тамирчин, нэг дасгалжуулагч, нэг албаны хүн явах ёстой гэсэн. Албаны хүний квотоор би явах байсан. Гэхдээ би татгалзсан. Учир нь эмчийн орон тоо байгаагүй. Тиймээс би үлдэж өөрийнхөө оронд Биеийн тамир, спортын улсын хорооны эмчийг явуулсан юм. Тэдэн дээр нэмж холбооны зардлаар нарийн бичгийн даргаа явуулсан.

Нарийн бичгийн дарга хүн маань спортын мэргэжлийн хүн учир одоо цанын тослогч хийж байна. Олимпод явсан бусад хүмүүсийг мэдэхгүй байна" гэсэн юм.