Залуучуудын өвлийн олимпод оролцох тамирчид Ганвонд бэлтгэл хийнэ

Залуучуудын өвлийн олимпод оролцох тамирчид Ганвонд бэлтгэл хийнэ

“Бээжин-2022” олимпын наадмын үеэр ажил хэргийн уулзалт ярилцлагууд өрнөсөөр байгаа бөгөөд мягмар гарагт МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар “Ганвон-2024” залуучуудын өвлийн олимпын наадамд бэлтгэх дэд хорооны дарга Ким Кьюн-Сунтэй уулзаж ярилцлаа.

Уулзалтын үеэр талууд Монголын өвлийн спортын хөгжлийн талаар санал солилцов. Улмаар 2024 оны залуучуудын өвлийн олимпын жилд нэг сарын хугацаатай, 2-3 удаагийн давтамжтай монгол тамирчдыг Ганвонд бэлтгэл хийлгэх талаар тохиролцов.

Залуучуудын өвлийн олимпод оролцох боломжтой тэшүүр, цана, биатлон, кёрлинг, бобслей зэрэг төрлийн тамирчдыг тус бэлтгэлд хамруулахаар эхний байдлаар тохироод байна.   

БНСУ-ын хойд хэсэгт орших Ганвон аймаг нь 2020 онд Швейцарын Лозаннд болсон ОУОХ-ны 135 дугаар чуулганаар залуучуудын өвлийн IV олимпыг зохион байгуулах эрх авсан. Өмнөх гурван олимп 2012 онд Инсбрук, 2016 онд Лиллехаммер, 2020 онд Лозаннд зохиогдож байв.