ОХУ-ын Европын холбооны элчин сайд Владимир Чижов Украины асуудлаар өөрсдийг нь өдөөн хатгахгүй байхыг сануулжээ. Тодруулбал, тэрбээр ВВС агентлагт өгсөн ярилцлагадаа “Украины асуудалд дипломат арга хэмжээ авч чадна гэдэгтээ итгэлтэй байна. Манай улс Украин руу довтлох ямар ч бодолгүй байгаа. Гэхдээ биднийг бодлоо өөрчилтөл өдөөн хатгахгүй байх нь чухал гэдгийг сануулъя” гэжээ.
АНУ тэргүүтэй барууны зарим орон ОХУ Украин руу хэзээ ч довтолж болзошгүйг анхааруулсаар байгаа. ОХУ Украины хойд хөрш Беларусьт 10 хоногийн хамтарсан цэргийн сургуулилтаа өнөөдөр эхлүүлсэн. Сургуулилтад Оросын 30 мянга орчим цэрэг оролцох төлөвтэй байна. Владимир Чижовын хэлж буйгаар цэргүүд сургуулилтын дараа ОХУ дахь бааздаа буцаж очих аж. Гэвч Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жен Псаки уг сургуулилт бүс нутаг дахь нөхцөл байдлыг улам хурцатгаж байна гэжээ.
Харин Владимир Чижов энэ бол энгийн нэгэн сургуулилт гэдгийг онцолсон ч Украины хилээс цэргээ шилжүүлэхээр төлөвлөж байгаа талаар хэлээгүй байна.
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон тэргүүтэй удирдагчид Минскийн хэлэлцээрийг өнөөгийн улс төрийн хямралыг намжаахад ашиглах санал гаргаад буй. Украин, Орос, Франц, Герман улсууд 2014-2015 онд Украины зүүн нутгийн мөргөлдөөнийг зогсоох зорилгоор уг хэлэлцээрт гарын үсэг зурж байв. Эммануэль Макроны хэлж буйгаар яриа хэлэлцээ өнөөдөр эхлэх бөгөөд Нормандын дөрвөл гэгддэг Франц, Германы хамт Орос, Украин оролцох аж. Хэлэлцээний үр дүн эерэг байх магадлалтай хэмээн шинжээчид үзэж байна. Учир нь өчигдөр Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков "Украины асуудлыг зөвхөн Минскийн тохиролцоонд үндэслэн шийдвэрлэх боломжтой" гэж мэдэгдсэн юм.
Эх сурвалж: BBC