Нийслэлийн Прокурорын газраас Т.Шинэбаярыг энэ сарын 11-нд Эрүүгийн хуулийн 23.7 дугаар зүйлд заасан “Нийтийн албан тушаалтныг заналхийлэх” гэмт хэрэгт яллагдагчаар татан шалгаж байна.
Эрүүгийн хуулийн 23.7 дугаар зүйлд нийтийн албан тушаалтнаас тодорхой шийдвэр гаргуулах, үйл ажиллагаа явуулах, эсхүл явуулахгүй байхыг шаардаж, өөрт нь болон ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсвэл эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заажээ.
Тодруулбал, уг гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдвол 5,400-27,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсвэл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Харин уг гэмт хэргийг албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөгөө урвуулан ашиглаж, эсвэл зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан байна.