Жо Байден Украинд буй иргэдээ нэн даруй гарахыг уриаллаа

Жо Байден Украинд буй иргэдээ нэн даруй гарахыг уриаллаа

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украинд байгаа бүх иргэдээ тус улсаас нэн даруй гарахыг уриалжээ. Мөн хэрэв ОХУ Украин руу довтлох юм бол иргэдээ авруулахаар цэрэг илгээх боломжгүй гэж мэдэгдсэн байна.

ОХУ-Беларусийн хамтарсан цэргийн сургуулилт Украины хилийн орчим хэдхэн хоногийн өмнө эхэлсэн. Үүнээс гадна тэнгисийн цэргийн сургуулилт ирэх долоо хоногт болох тул ОХУ бэлтгэлээ хангаж эхлээд байна. Өчигдрөөс Украины өмнө хэсэгт байх Хар тэнгист ОХУ-ын цэргүүд байрлаж эхэлсэн. Энэ явдлыг Украины тал буруутгаж, “ОХУ манай улсын далайн гарцыг хааж байна” гэж мэдэгдсэн юм.

Түүнчлэн Украин дахь АНУ-ын Элчин сайдын яам "Цэргийн сургуулилт хийх нэрийдлээр Орос улс Украины тэнгисийн бүрэн эрхт байдлыг хязгаарлаж, Хар тэнгис, Газар дундын тэнгист зорчих эрх боломжийг хаан, эдийн засагт чухал ач холбогдолтой далайн тээврийн хөдөлгөөнд саад учруулж байна" хэмээн твиттер хуудсандаа бичсэн байна.

Цэргийн сургуулилт эхэлсэн нь бүс нутгийн нөхцөл байдлыг улам хурцатгаад байна. Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон өчигдөр Европт сүүлийн хэдэн арван жил тохиогоогүй хамгийн том улс төрийн хямрал нүүрлээд байна гэж мэдэгдсэн. Кремлийн зүгээс Украиныг НАТО-д элсүүлэхгүй байх, НАТО-г хүрээгээ тэлэхгүй байх гэсэн хоёр шаардлага тавьж буй. Гэсэн ч НАТО үүнийг боломжгүй гэж үзэж байгаа юм.

Эх сурвалж: BBC