ВИДЕО: “Бусдын эд хөрөнгөнд халдаж, түрүүлж цохисон” Б.Жаргалсайханыг ШАЛГАЖ, ХАРИУЦЛАГА хүлээлгэх үү

ВИДЕО: “Бусдын эд хөрөнгөнд халдаж, түрүүлж цохисон” Б.Жаргалсайханыг ШАЛГАЖ, ХАРИУЦЛАГА хүлээлгэх үү

"Өөрөөр нь төлүүлье" хэлэлцүүлэг өчигдөр /2022.02.11/ "Туушин" зочид буудалд болсон билээ. Энэ үеэр Буянгийн гэх тодотголтой Б.Жаргалсайхан, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ нарын дунд маргаан өрнөсөн үйл явдал болсон билээ.

Тодруубал, Б.Жаргалсайхан нь Д.Мөнх-Эрдэний лайв хийж байсан гар утсыг цохиж унагаад, эхлээд түүнийг толгойгоороо мөргөсөн байгаа юм. Харин үүний дараа Д.Мөнх-Эрдэнэ Б.Жаргалсайханыг толгойгоороо мөргөсөн. Энэ бүхнээс үзвэл Б.Жаргалсайхан нь Д.Мөнх-Эрдэнийн эд хөрөнгө, биед нь түрүүлж халдсан байгаа юм. Ингээд дараа нь Д.Мөнх-Эрдэнэ Б.Жаргалсайханыг цохих гэж буй мэтээр "цочоосон" нь хоёр талын камерын бичлэгт өөр, өөр өнцгөөс бичигджээ. 

ВИДЕО; 

"Хэрэв Д.Мөнх-Эрдэнэ Б.Жаргалсайханыг гар утсыг цохиж унагаад, түүнийг түрүүлж цохисон бол Д.Мөнх-Эрдэнийг аль хэдийн хуулийн байгууллагаас шалгаж, хариуцлага хүлээлгэсэн байх магадлалтай" гэж хардах иргэд олон байна.

Учир УИХ-ын гишүүн асан С.Жавхлан Сүхбаатарын талбайд Засгийн Газар, УИХ-ыг тараах шаардлага бүхий суулт хийж байх үеэрээ сэтгүүлчийн толгойг гар утсаараа "тоншсон" тул, түүний уг үйлдлийг цагдаагийн байгууллага шалгаж, С.Жавхланд зөрчлийн хэрэг үүсгэсэн байдаг.  

Иймд бусдын биед түрүүлж хүрч, эд хөрөнгөд нь халдсан Б.Жаргалсайханыг С.Жавхлангийн адил зөрчлийн хэрэг үүсгэн шалгах уу гэх асуулт олон нийтийн дунд хөвөрч эхлээд байна. 

Тэгвэл уг асуудалтай холбоотойгоор зохих байгууллагад ямар нэгэн гомдол ирсэн эсэхийг албаны эх сурвалжаас тодруулахад "Өнөөдөр /2022.02.11/ дээрх маргаантай холбоотой ямар нэгэн гомдол, мэдээлэл ирээгүй" гэх тайлбарыг өглөө. Ямартай ч энэ асуудалд хэн нэг нь гомдол гаргавал цагдаагийн байгууллага шалгаж, зөрчлийн хэрэг үүсгэх боломжтой юм байна.