Хамгаалалтын ажилтан “уран зураг дээр нүд зурсан” хэрэгт буруутгагджээ

Хамгаалалтын ажилтан “уран зураг дээр нүд зурсан” хэрэгт буруутгагджээ

Өнгөрөгч арванхоёрдугаар сар /2021.12/-д Екатеринбург дахь Ельциний төвд хоёр зочин зочлох үеэрээ Анна Лепорскаягийн "Гурван дүр" бүтээл дээр “бал, үзэг”-ээр зурсан нүдийг олж харжээ.

Авангард уран зургийн онцлог нь ихэвчлэн хийсвэр, нүдгүй гурван дүрстэй байдаг байна. Уг үйл явдлын дараа хамгаалалтын ажилтныг ажлаас нь халж, цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Учир нь тус уран зураг дээр “нүд зурсан хэрэгт” хамгаалалтын ажилтныг буруутгаж байгаа аж.

Энэ талаар Ельциний төвийн гүйцэтгэх захирал А.Дроздов  хийсэн мэдэгдэлдээ, “хувийн харуул хамгаалалтын ажилтанг ажиллуулдаг байсан” гэж дурджээ.  Харин үзэсгэлэнгийн эрхлэгч А.Решеткина Оросын ura.ru сайтад өгсөн мэдээлэлдээ, “энэ нь хамгаалалтын ажилтны анхны өдөр байсан” гэжээ.

Одоогоор түүнийг ямар сэдлээр уран зураг дээр нүд зурсан явдлыг тогтоож чадаагүй байгаа ч, орон нутгийн засаг захиргаа нь түүнийг, “ямар нэгэн байдлаар эрүүл ухаанаа алдсан байж болзошгүй” гэж үзэж байгаа аж. Учир нь тэрээр Ельциний төвийн өөрийн брэнд үзэгний нэгээр будгийн давхаргад нэвтрэн нүдийг нь зурсан байжээ. Азаар зотон дээр үзгээр хүчтэй дараагүй учир гэмтэл нь төдийлөн гүнзгийрээгүй гэж хэргийг анх дэлгэсэн The Art Newspaper Russia мэдээлжээ.

Гэвч зургийн зүүн талын нүүрэн дээрх будгийн давхарга бага зэрэг нурсан байгаа аж.

Уг хохирлын талаар анх арванхоёрдугаар сарын 20 /2021.12.20/-нд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн ч хохирлын хэмжээ бага гэж үзэн Дотоод хэргийн яам эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байна. Гэвч Соёлын яам уг шийдвэрийн талаар Ерөнхий прокурорт гомдол гаргаж, өнгөрсөн долоо хоногт цагдаагийн байгууллага дахин шалгаж эхэлжээ. Улмаар тус хэрэгт сэжиглэгдэж буй хамгаалалтын ажилтан гэм буруутай нь тогтоогдвол торгууль төлж, гурван сар хүртэл хорих ялаар шийтгүүлэх аж. Уг зургийг Москва дахь Третьяковын галерейд авчирч, сэргээн засварлахаар болжээ. Сэргээн засварлахад 250,000 рубль (2,468 фунт стерлинг, 3,345 ам.доллар) шаардлагатай гэж тооцоолжээ.