Спортын арбитрын шүүх Камила Валиеваг өвлийн олимпод үргэлжлүүлэн оролцохыг зөвшөөрлөө

Спортын арбитрын шүүх Камила Валиеваг өвлийн олимпод үргэлжлүүлэн оролцохыг зөвшөөрлөө

Оросын уран гулгагч Камила Валиеваг тойрсон асуудлын талаар гаргасан шийдвэрээ Спортын арбитрын шүүх албан ёсоор танилцууллаа. Тодруулбал, Спортын арбитрын шүүх Валиеваг олимпын наадмын тэмцээнд оролцохыг түр түдгэлзүүлээд байсан шийдвэрийг хүчингүй болгосон байна.  Ингэснээр 15 настай залуу уран гулгагч тэрбээр маргааш болох эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн тэмцээнд оролцох эрхтэй болж байна.

Спортын арбитрын шүүхийн зөвлөлөөс “Тамирчны допингийн эсрэг шинжилгээний хариуг цаг тухайд нь мэдэгдээгүй нь ноцтой асуудал болсон. Бээжингийн өвлийн олимпын үеэр энэ асуудал дэгдсэн нь тамирчны буруу биш” хэмээн тайлбарлав.

Хэвлэлийн бага хурлын үеэр Спортын арбитрын шүүхийн ерөнхий нарийн бичгийн дарга Мэтью Риб “Тамирчныг олимпын наадамд оролцуулахгүй байх нь нөхөж баршгүй гарз учруулах болно” гэжээ. Мөн тэрбээр хэвлэлийн хурлын үеэр допингийн хариуг оройтож мэдэгдэн асуудлыг дэвэргэсэнд харамсаж буйгаа илэрхийлсэн байна.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ОХУ-ын АШТ-ий үеэр Валиевагийн өгсөн шинжилгээнээс хориотой бодис илэрсэн. Оросын допингийн эсрэг агентлаг түүний эрхийг тэр даруй хассан ч ердөө маргааш нь эргэн сэргээсэн юм. Харин энэ шийдвэрийг Дэлхийн допингийн эсрэг агентлаг эсэргүүцэж, давж заалдаад байсан билээ.

Хэдийгээр Валиевагийн олимпын наадамд оролцох эрхийг сэргээсэн ч допингийн эсрэг дүрэм зөрчсөн эсэх талаарх бүрэн хэмжээний шийдвэрийг дараа нь гаргах болно гэдгээ Спортын арбитрын шүүх илэрхийлэв.