ТОДРУУЛГА: Алтан Дорнодын “Дайчид” баг сагсан бөмбөг үзэхээр ирсэн залуучуудаа хүндэтгээд тоглолтоо үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн

ТОДРУУЛГА: Алтан Дорнодын “Дайчид” баг сагсан бөмбөг үзэхээр ирсэн залуучуудаа хүндэтгээд тоглолтоо үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн

Алтан Дорнодын “Дайчид” баг Этүгэн Баянгол Ирвэсүүд багтай таарч тоглох үеэрээ шүүгчдийн алдаатай шүүлтийн улмаас “оноогоо идүүлж” хожигдол хүлээсэн байна. Учир нь “Дайчид” багийн гурван онооны шидэлтэд 2 оноо өгч, харин “Ирвэсүүд” багийн хоёр онооны шидэлтийг 3 оноо өгч шүүгчид ноцтой алдаа гарснаар Алтан Дорнодын “Дайчид” баг хожигдол хүлээсэн байгаа юм.

Иймд дээд лиг зохион байгуулах комисс болон мэргэжлийн зөвлөл шүүгчдийн бүрэлдэхүүн уг алдаатай үйл явдлыг засаж ФИБА-ийн дүрэмд заасны дагуу тоглолтын үр дүнг өөрчилөхийг шаардаж байгаа аж. Харин Алтан Дорнодын “Дайчид” багийн энэхүү шаардлагыг биелүүлэхгүй тохиолдолд плей-офф-ийн дараагийн тоглолтуудад оролцох боломжгүй гэдгээ мэдэгдсэн байдаг.

Өнөөдөр /2022.02.16/ болох тоглолтод Алтан Дорнодын “Дайчид” баг эсэргүүцэл илэрхийлж, тоглолтыг орхиж магадгүй гэх мэдээлэл байсан юм.

Тэгвэл талууд алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрч, “зөвшилцөл”-д хүрсэн бололтой. Энэ талаар Алтан Дорнодын “Дайчид” багийн менежерээс тодруулахад, “Энэ тоглолтыг үзэх гэж олон залуучууд билет аваад Спортын төв ордонд цугласан байна. Харин зохих хүмүүс нь өмнөх “Дайчид” болон "Ирвэсүүд" багуудын тоглолт дээр алдаа дутагдал гарсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ дүрмээрээ тоглолтын шийдвэрийг өөрчилж болохгүй юм байна. Ингээд Алтан Дорнодын “Дайчид” баг сагсан бөмбөг сонирходог, үзэхээр ирсэн энэ олон залуучуудаа хүндэтгээд тоглолтоо цааш нь үргэлжүүлэхээр шийдвэрлэсэн” гэсэн юм.