“Нохойн хоол үйлдвэрлэнэ” гэж зээл аваад өөр зүйлд зарцуулсан Монгема болон Сод Монгол, Инжир ХХК-ыг мөнгө угаасан хэргээр шалгаж эхэлжээ

“Нохойн хоол үйлдвэрлэнэ” гэж зээл аваад өөр зүйлд зарцуулсан Монгема болон Сод Монгол, Инжир ХХК-ыг мөнгө угаасан хэргээр шалгаж эхэлжээ

Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар, АТГ хамтран Хөгжлийн банкны зээлтэй холбоотой буюу мөнгө угаах гэмт хэрэг үйлдэгдсэн байж болзошгүй зээлүүдийг шалгаж эхэлсэн бололтой. Тодруулбал, "Сод монгол” групп ХХК, "Инжир" ХХК, "Монгема" ХХК нь Хөгжлийн банкнаас авсан зээлээ зориулалтын бусаар ашиглаж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй байгаа юм.

“Инжир” ХХК-ийн мэдээлэл

-“ЭКСПОРТЫН НААМАЛ ДҮНЗ, ЕВРО СТАНДАРТЫН УГСАРМАЛ МОДОН БАРИЛГА” ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗЭЭЛЭЭ ЗОРИУЛАЛТЫН БУСААР АШИГЛАЖЭЭ-

“Инжир” ХХК Хөгжлийн банкнаас 2018 нэгдүгээр сард "Экспортын наамал дүнз, евро стандартын угсармал модон барилга" төсөл хэрэгжүүлэхээр 5,6 тэрбум төгрөгийн зээл авсан байна. Гэсэн ч төслөө хэрэгжүүлэлгүй зориулалтын бус зарцуулсан байна. Мөн тус компани Хөгжлийн банканд нэг ч төгрөгийн төлөлт хийгээгүй учир нийт зээлийн хуримтлагдсан өр нь 7,6 тэрбум төгрөг болжээ.

Тодруулбал, “Инжир”  ХХК нь 5,7 тэрбум төгрөгийн үнэ бүхий "Дархан-Орд" харш ХХК-ийн барилга байгууламж болон ирээдүйд бий болгох хөрөнгө болох Экспортын наамал дүнз, евро стандартын угсармал модон барилгынхаа тоног төхөөрөмжийг барьцаалж зээл авсан байна.

Хөгжлийн банкнаас 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд тус компанитай холбоотой гомдол гаргажээ. Улмаар тус шүүхээс иргэний хэрэг үүсгэж, нэхэмжлэлийг хариуцагч талд гардуулан өгсөн байна. “Инжир”  ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Б.Батбаатар гэх хүн бүртгэлтэй бөгөөд Г.Бямбажав, Б.Золбаяр, Ч.Өлзий нар хувьцаа эзэмшдэг байна.

“Монгема” ХХК-ийн мэдээлэл

-МУУР НОХОЙН ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЖ ЭКСПОРТОЛНО ГЭЖ ЗЭЭЛ АВСАН Ч  МАХНЫ ҮЙЛДВЭР ЗАРЦУУЛСАН БАЙНА-

Мөн “Монгема” ХХК нь “Муур нохойн хоол үйлдвэрлэх тоног төхөөрөмж авах, Япон болон бусад улсад экспортлох” төсөл хэрэгжүүлэхээр 2017 оны аравдугаар сард 10,4 тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн банкнаас зээлж авсан байна. Гэсэн ч зээл авсан төслөө хэрэгжүүлэлгүй “Эрдэнэт фүүдс” ХХК-ийнхаа махны үйлдвэр зарцуулсан байжээ. Тус компани нь Хөгжлийн банкнаас авсан зээлээсээ 580 сая төгрөгийг төлжээ. Улмаар өдгөө 12,6 тэрбум төгрөгийн өр үүсч, төлөгдөх эсэх нь эргэлзээтэй байгаа аж. "Монгема" ХХК нь тээврийн хэрэгсэл, орон сууц болон ирээдүйд бий болгох хөрөнгөө барьцаалж зээл авсан байна. Тус компанийн гүйцэтгэх захирал нь Д.Лхагвадорж гэх хүн байдаг байна. 

“Сод Монгол” групп ХХК-ийн мэдээлэл

-“СОД МОНГОЛ” ГРУПП ХХК ХБ-НААС АВСАН ЗЭЭЛЭЭ ЗОРИУЛАЛТЫН БУСААР АШИГЛАЖЭЭ-

УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын “Сод Монгол” групп ХХК нь 2017 оны наймдугаар сард Хөгжлийн банкнаас 670 сая иений зээлийг Хөгжлийн банкнаас авсан байна. Гэрээний хугацаа энэ оны наймдугаар сар дуусах аж. Хэдийгээр тус байгууллага нь зээлээ хэвийн эргэн төлж байгаа ч зээлийн хөрөнгөө зориулалтын бусаар ашигласан болох нь банкны шалгалтаар илэрсэн байна. Энэ бүх асуудал үүсэх үеэр Ц.Анандбазар нь Хөгжлийн банкны зээлийн үлдэгдэлдээ төлсөн. Гэвч энэ нь хариуцлагаас мултрах шалтгаан биш гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байгаа.




Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө