"Төсөл нь амжилттай хэрэгжиж байгаа" гэх НВЦ ХХК-ийн зээл муу ангилалд орж, шүүх рүү шилжжээ

"Төсөл нь амжилттай хэрэгжиж байгаа" гэх НВЦ ХХК-ийн зээл муу ангилалд орж, шүүх рүү шилжжээ

Хөгжлийн банкны зээлийн асуудал өдгөө хууль хяналтын байгууллагын түвшинд хүрч, зээлийн олголт, зарцуулалтыг шалгаж байгаа. Эдгээрийн дотор "Баян өндөг"-өөрөө олонд танигдсан "НВЦ" ХХК багтжээ. Тус компани нь 2017 оны наймдугаар сард "Хөдөө аж, ахуй, шувууны гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн цогц төсөл, 4 дэд төсөл" хэрэгжүүлэхээр 21 сая ам.долларын зээл авсан байна. 

Харин өдгөө зээлийн үлдэгдэл нь 25.8 сая ам.доллар буюу 73.6 тэрбум төгрөг болсон учир Хөгжлийн банк энэ оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ханджээ. "НВЦ" ХХК-ийн зээл Батлан хамгаалах Яамны захиалгаар ТОСК дээр бичигдсэн гэх. Тус компанийн зээлийн өр төлбөрийн асуудал 2019 онд ч мөн хөндөгдөж байсан бөгөөд гүйцэтгэх захирлыг нь зээл авахдаа бусдад хээл хахуул өгсөн байж болзошгүй хэмээн АТГ-аас шалгаж байсан аж.  

НВЦ ХХК-ийг НВЦ Холдинг ХХК 100 хувь эзэмшдэг. Харин НВЦ Холдинг ХХК-ийг Бэгзжавын Цэрэндаваа болон Цэрэндаваагийн Энхцэцэг нар эзэмшдэг байна. Харин НВЦ ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Цэрэндаваагийн Баатарбилэг ажилладаг бол НВЦ Холдинг ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Цэрэндаваагийн Энхцэцэг ажиллаж байна. 

-"НВЦ" ХХК: НВЦ ТӨСЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА-

"НВЦ" ХХК-аас өөрийн цахим хуудсаараа дамжуулан Хөгжлийн банкны зээлийн асуудалд тайлбар хийжээ. Тус тайлбарт, "НВЦ төслийн бүтээн байгуулалт амжилттай хэрэгжиж байна. Монгол Улсын Хөгжлийн банкнаас импортын бүтээгдэхүүнийг орлох Баян өндөгний аж ахуйн цогц төслийг санхүүжүүлсэн. Уг төслийн үр дүнд сүүлийн үеийн тоног төхөөрөмж, технологийн шийдэлтэй, сая шувууны аж ахуйн дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ бүхий бүрэн автомат үйлдвэрийн цогцолбор байгуулагдсан. Одоогоор 700 мянган шувуутай байгаа бөгөөд дотоодын өндөгний үйлдвэрлэлийн 50 гаруй хувийг дангаараа үйлдвэрлэж, 400 гаруй хүнийг тогтмол ажлын байраар ханган жилд 10 гаруй тэрбум төгрөгийн татвар улсад төлж байна.

Өнөөдрийн байдлаар зээлийг зориулалтын дагуу бүрэн зарцуулж 7.6 тэрбум төгрөг хүүнд төлсөн бөгөөд сүүлийн хоёр жил цар тахлын улмаас тээвэр ложистик, хил гааль хаагдсантай холбоотой төслийн хэрэгжилт удаашран, зээл төлөлт хойшилсон ч төсөл амжилттай хэрэгжиж, үйл ажиллагаа тогтвортой хэвийн явагдаж байна" гэжээ. 




Өнөөдөр могой өдөр

2 цагийн өмнө