О.Баасанхүү “Сахилгын хэргийн шийдвэрийг УДШ-ийн Захиргааны хэргийн танхим хянадаг” гэж ХУДАЛ ярьжээ

О.Баасанхүү “Сахилгын хэргийн шийдвэрийг УДШ-ийн Захиргааны хэргийн танхим хянадаг” гэж ХУДАЛ ярьжээ

Ардчилсан намын Хууль зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү өнөөдөр /2022.02.17/ мэдээлэл хийх үеэрээ “худал” зүйлийг ярьсан бололтой.

Тэрбээр өнөөдөр хэвлэлийн бага хурал хийхдээ “...Сахилгын хороонд Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийг өгсөн. Сахилгын хороо саяхан хуралдах үед түвэгтэй асуудал үүслээ. Сахилгын хорооны шийдвэр хараат бус байх ёстой. Сахилгын хорооны шийдвэрийг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргах эрх нь хуулиар нээлттэй. Гэтэл Д.Ганзориг өөрийнхөө итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Захиргааны хэргийн тэргүүн шүүгчийг томилчихсон байсан. Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалтай нь холбоотойгоор сахилгын хэрэг үүсгүүлэхээр өгч байхад тэр хүн Сахилгын хорооны шийдвэрийг хянадаг байгууллагын тэргүүнийг өөрийнхөө итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилчихсон. Энэ нь Үндсэн хуулийг зөрчиж байгаа учраас Ардчилсан намын зүгээс Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн талаар Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцэд хандана” гэсэн юм.

Иймд бид Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг төлөөлж, Сахилгын хорооны хуралдаанд Захиргааны хэргийн танхимын тэргүүн оролцсон талаар Дээд шүүхийн хэвлэлийн албанаас тодруулахад “Захиргааны хэргийн танхимын тэргүүн Ч.Тунгалаг шүүгч Ерөнхий шүүгчийг төлөөлж, Сахилгын хорооны хуралдаанд оролцоогүй.  Ерөнхий шүүгчийн ажлын албанд ажилладаг, зөвлөх Д.Тунгалаг Сахилгын хорооны хуралд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр орсон, шүүгч биш.” гэж хариулав.  

Олон жил өмгөөлөгчөөр ажилласан хуульч О.Баасанхүү шүүгчийг андуурсан гэхэд эргэлзээтэй. Нөгөө талаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар Сахилгын хорооны шийдвэрт гомдол гаргасан тохиолдолд Захиргааны хэргийн танхим дангаараа биш танхим харгалзахгүй таван шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянадаг болсон. Тодруулбал, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 115 дугаар зүйл (Улсын дээд шүүхийн хяналтын шатны сахилгын хэргийн хуралдаан)-ийн 115.4-д “Улсын дээд шүүхийн хяналтын шатны сахилгын хэргийн хуралдаан энэ хуулийн 114.1-д заасан гомдол, эсэргүүцлийг танхим харгалзахгүйгээр таван шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэнэ” гэж заажээ. Хуульд ийнхүү заасан байхад О.Баасанхүү хуульч “Сахилгын хэргийн шийдвэрийг Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим хянадаг” гэж олон нийтэд мэдээлсэн нь хуулиа мэдэхгүй байгаагийн илэрхийлэл үү, олон нийтийг төөрөгдүүлэх зорилготой ээлжит мэдэн будилсан мэдээлэл үү гэж дүгнэхэд хүрээд байна.




Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө