Тагнуулийн ерөнхий газраас Монгол Улсын иргэн гадаадын эрх бүхий байгууллагын даалгавараар тагнуулын үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдож улмаар шүүхээс ял оноосон талаар мэдээллээ.
Тодруулбал, Монгол Улсын иргэн Л нь гадаадын тагнуулын байгууллагатай хууль бусаар хамтран ажиллаж тэдний өгсөн үүрэг даалгаварыг биелүүлж, үүнийхээ хариуд мөнгөн урамшуулал авсан удаа дараагийн үйлдлийг илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. Улмаар тус хэрэгт прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.
Харин тус хэргийг 2022 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэж, шүүхээс түүнийг гэм буруутайд тооцож, найман жилийн хорих ял оноосон байна.
Мөн Монгол Улсын иргэн А, Э нар нь гадаадын тагнуулын байгууллагатай хууль бусаар хамтран ажилласан. Гадаадын тагнуулын албаны нэр бүхий ажилтан нь манай улсын нутаг дэвсгэрт хууль бусаар тагнуулын үйл ажиллагаа явуулсан үйлдлийг илрүүлжээ. Уг хэрэгт эрүүгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 4, 19 дүгээр зүйлийн 10-т заасан 2021 оны 8 дугаар сард эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Уг хэргийг шүүхийн шатанд хянан хэлэлцэгдэж байгаа аж.