"The Hu" хамтлагийн цомог "Billboard"-ыг тэргүүлжээ

2019-09-25 12:03

Б.Дашдондог: Баярлахгүй байхын аргагүй гоё мэдээ, гэхдээ онгирч сагсуураад байх нь хаашаа юм

Метал рок төрлөөр уран бүтээлээ туурвин хилийн чанадад олон улс орны сонсогч, үзэгчдийг байлдан дагуулж буй "The Hu" хамтлагийн "Gereg" цомог Billboard-ыг тэргүүлсэн гэх сайхан мэдээгээр Монголчууд өнөөдрийн эхлүүлсэн билээ.

Эл баярт мэдээлэлтэй холбогдуулан дэлхий дахинаа монголынхоо өв соёлыг гайхуулаад байгаа  “The HU” хамтлагийг үүсгэн байгуулагч Гавьяат жүжигчин, дуучин, продюссер Б.Дашдондогтой холбогдож түүний сэтгэгдлийг сонссон юм.

Тэрбээр хэлэхдээ, “Энэ бол баярлахгүй байхын аргагүй гоё мэдээ юм. Сайхан байна. Гэхдээ онгирч сагсуураад байх нь хаашаа юм бэ. Энэ хамтлагт цааш туулах урт зам бий. Ер нь “Billdoard”-д нэр дэвшинэ гэдэг "Grammy awards"-д нэр дэвшихийн анхан шатны үзүүлэлт юм. Сайхан мэдээ боловч баярлахад эрт байна. Бүр илүү босох хэрэгтэй. Монголын рок дэлхийд мандан, гарч ирж байсан түүх байхгүй шүү дээ. Энэ бол хамгийн анхны тохиолдол, амжилт. Одоо дэлхий дахинаа мандан бадарч буй рок хамтлагууд “The Hu” хамтлагийн дор жагсаж байгаа нь Монгол хүн бүрт л омогшилтой, сайхан санагдаж, бөөн баяр болцгоож байх шиг байна.

Ийм сайхан мэдээн дээр дөрөөлөөд илүү их хөдөлмөрлөх хэрэгтэй юм шиг санагддаг шүү. “The Hu” хамтлаг сая Канадад гурван тоглолтоо өндөрлүүлсэн. Одоо Нью-Иоркод өнөө маргаашгүй тоглох гээд байж байна. Маргааш тоглож магадгүй. Тоглолтууд амжилттай зохион байгуулагдаж байна. Америкчууд маш өндөр сэтгэгдэлтэйгээр хүлээн авч байгаа. Америкт амьдардаг Монголчууд өндөр хэмжээнд хүлээн авсан шүү" хэмээн ярилаа. 

2019-09-25 09:54

"The Hu" хамтлагийн цомог "Billboard"-ыг тэргүүлжээ

Метал рок төрлөөр уран бүтээлээ туурвин хилийн чанадад олон улс орны сонсогч, үзэгчдийг байлдан дагуулж буй "The Hu" хамтлагийн "Gereg" цомог Billboard-ыг тэргүүлжээ.

Тус хамтлагийн “Wolf Totem” дуу өнгөрсөн дөрөвдүгээр сард Billboard-ын “Hot Rock Songs” чаартад анх удаа багтаж, 22 дугаарт эрэмбэлэгдэж байсан юм. "The Hu"  хамтлаг 2016 онд байгуулагдсан бөгөөд “Wolf Totem” дууных нь видео фэйсбүүк сүлжээнд хүчтэй тарсны үр дүнд Billboard-ын “Hard Rock Digital Song Sales” буюу хард рок дууны дижитал борлуулалтын жагсаалтыг мөн тэргүүлж байсан юм.

Дөрөвдүгээр сард уг дууны борлуулалт долоо хоногийн дотор 1056 хувь өсөж, 6000 орчим удаа татагдсан байна. Мөн “Yuve Yuve” дуу нь ижил хугацаанд 929 хувийн өсөлт, 3000 ширхэг борлуулалттайгаар бас энэ жагсаалтын долдугаарт орж байсан билээ.

“The Hu” хамтлаг Billboard-ыг тэргүүлсэн “Gereg” нэртэй анхны цомгоо “Eleven Seven Records” студитай хамтран гаргасан юм.