Сэтгүүлч С.Будрагчаа БШУЯ-ны харьяа Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзонгийн хууль бус үйлдлийн талаарх баримтад нэвтрүүлэг бэлтгэж, мэдээлсэн нь өдгөө олны анхаарлыг татаад байгаа билээ.
Харин дээрх мэдээллийг III сургуулийн эцэг эхийн төлөөлөл эсэргүүцэж, сургуулийн захирлыг ажлаас түдгэлзүүлэхгүй байхыг хүсэж, БШУ-ын яамны гадна жагсаал зохион байгуулсан.
Тэгвэл нийгэмд олны анхаарал татаж, басхүү талцуулаад байгаа эл асуудалд Боловсрол шинжлэх ухааны яам хэрхэн хандаж байгаа талаар тус яамны хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад "Сургуулийн эцэг, эхийн төлөөлөл яамны гадна ирж жагсаал зохион байгуулсан. Өнөөдрийн байдлаар Орос III сургуультай холбоотой ямар ч гомдол яаманд ирээгүй. Ж.Соронзон захиралтай холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа гэж ойлгосон. Хэн нэгний гэм буруутай нь шүүхээр тогтоогдоогүй байхад ажил албан тушаалын талаар авч хэлэлцэх боломжгүй. Харин хуулийн байгууллага шалгаж, шийдвэрээ гаргасны дараа захирлыг солих эсэх асуудал яригдах байх" гэх хариултыг өглөө. Харин олон нийтийн зүгээс цахим орчинд Ж.Соронзон захирлын хууль бус үйлдлийн талаар баримттай нэвтрүүлэг гарч, хууль хяналтын байгууллага шалгаж эхлээд байхад салбарын сайд нь огт анзаарахгүй, арга хэмжээ авахгүй байгаа нь хачирхалтай хэмээн шүүмжилж байгаа юм.