Л.Оюун-Эрдэнэ: Хөгжлийн банкнаас НОЦТОЙ зөрчил илэрснийг АТГ-т шалгуулахаар шилжүүлсэн

Л.Оюун-Эрдэнэ: Хөгжлийн банкнаас НОЦТОЙ зөрчил илэрснийг АТГ-т шалгуулахаар шилжүүлсэн

Өнөөдөр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банканд хийсэн шалгалтын тайланг танилцууллаа. Тэрээр Хөгжлийн банканд хийсэн нэг сарын тайлан танилцуулж, тус банкны удирдлагуудаас тайлбар авснаа дурдав.

Чингис, Самурай, Евро бондын эх үүсвэр нийт 4.38 их наяд төгрөг бөгөөд үүний 60 хувь нь улсын төсөвт орсон байна. 319 төслөөр 2.67 их наяд төгрөг төвлөрүүлсэн байна.

Мөн Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл авч эргэн төлөөгүй ААН-үүдийн жагсаалтыг ч мөн гаргажээ. Тухайлбал, Хөгжлийн банкны ноцтой зөрчилтэй зээлдэгчид нь "Хөтөл" ХХК 161.5  тэрбум төгрөг,  "Мон лаа" ХХК 5.6 тэрбум төгрөг, "Төрийн Орон Сууцны Корпораци" ТӨҮГ 355.5 тэрбум төгрөг,  "МАК Цемент"  ХХК 166.5 тэрбум төгрөг,  "Кью Эс Си" ХХК 187.6 тэрбум төгрөг, "Бэрэн" групп 102.4 тэрбум төгрөг, "Эрэл" ХХК 99.5 тэрбум, “Монгема”9.9 тэрбум төгрөгийн зээл тус, тус эргэн төлөгдөөгүй байна.

Түүнчлэн арилжааны банкнаас санхүүжүүлэх боломжтой 13 жижиг төсөлд нийт 34.3 тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн банк олгож, үндсэндээ арилжааны банктай Хөгжлийн банк өрсөлддөг болох нь шалгалтаар илэрчээ.

Хөгжлийн банк үйл ажиллагаагаа явуулж буй өнөөгийн байрыг зах зээлийн үнээс хэт өндөр үнээр худалдаж авсан зөрчил илэрчээ. 2015-2016 оны хоорон ажиллаж байсан Хөгжлийн банкны удирдлагуудын хариуцлагагүй байдлаас болж банк их хэмжээний алдагдал хүлээсэн байна. Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбат, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Шинэбаатар, Гүйцэтгэх захирал, Н.Мөнхбат, Хөгжлийн банкны холбогдох ажилтан, албан тушаалтнууд юм.

Тухайн удирдлагууд зарим зээлдэгчид давуу байдал олгосон байж болзошгүй гэсэн нөхцөл байдал тогтоогдсон аж. Тухайлбал, нэг эзэнтэй банкууд их хэмжээний зээлийг авч байсан ч, эргэн төлөлт хийгдээгүй нөхцөл байдал илэрчээ.

Мөн тэрбээр хэлэхдээ "Мөн гүйцэтгэх захирал мөнгөн хадгаламж байршуулах, буцаан төлөх гэх мэт их хэмжээний эрх мэдэл өөрөө өөртөө төвлөрүүлсэн. ХХБ дахь Хөгжлийн банкны одоогийн байрыг хэт өндөр үнээр худалдаж авсан. Чингис, Самурай, Евро бонд болон бусад эх үүсвэрээс 2012-2016 онд Хөгжлийн банкаар дамжуулан нэр бүхий ААН-үүдэд зээл олгосон үйл ажиллагаатай холбогдох асуудлыг хууль хяналтын байгууллагад шилжүүлж шалгуулна. Дээрх эх үүсвэрээс авсан зээлээ хугацаандаа төлөөгүйгээс банкийг хохироосон ААН-үүдийн зээлийг эргэн төлүүлэх, шаардлагатай бол хууль хяналтын байгууллагад шилжүүлж, шалгуулна гэдгийг тэрбээр мэдэгдэв. Цаашид 20 тэрбумаас доош зээлийг Хөгжлийн банк гаргахгүй байхыг журмаар юм уу хуулиар хоргилох хэрэгтэй" гэв.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ТҮШИГ