Өнөөдөр  “ДИСКОВЕР МОНГОЛИА-2019” уул, уурхайн чуулган  эхэлнэ

Өнөөдөр “ДИСКОВЕР МОНГОЛИА-2019” уул, уурхайн чуулган эхэлнэ

Уламжлал болгон явагддаг “Дисковер Монголиа-2019” Шангри Ла-д өнөөдөр эхлээд өдөртөө өдөрлөх юм байна. Эрдэс баялаг, уул уурхайн нэгдсэн энэ чуулганы нээлтэд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Монголын уул уурхайн компаниудад өрсөлдөх чадварыг бий болгох нь” сэдэвт илтгэл тавих юм байна.  Түүнчлэн “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал П.Ганхүү “Уул уурхай салбар дахь төр хувийн хэвшлийн түншлэл” илтгэл тавина.

Онцлох сэдэв  гэвэл Оюу толгой компанийн гүйцэтгэх захирал Армандо Торрес “Оюу толгой” төслийн явцын талаар илтгэл тавих юм байна.

Мөн “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “Эрдэнэс Таван толгой IPO: Төрийн өмчит компанийг олон улсын зах зээлд гаргах нь” сэдвээр илтгэл тавина гэж чуулганы хөтөлбөрт тусгажээ.

Хөвсгөлийн Овоотын ордоос нүүрс экспортлох төлөвлөгөөтэй ажиллаж буй “Аспайр майнинг” компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Дэвид Полл “Монголын дараагийн коксжих нүүрсний уурхайг байгуулах нь” сэдвээр илтгэл тавина. 

“Дисковер Монголиа”-гийн үдээс хойшхи хуралдаан эрчим хүчийг онцолно. Үдээс хойшхи энэ хуралдааныг даргалагч нь Монголын бизнесийн зөвлөлийн тэргүүн Б.Бямбасайхан байх юм байна. Тус хуралдааны үеэр “Эликсир энержи лимитед” компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Нейл Йонг “Дотоодын зах зээлийг нүүрсний давхаргын метанаар хангах тухай” гэсэн сэдвээр илтгэл тавих юм. Үүнээс гадна “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг “Газрын тос боловсруулах үйлдвэр” гэсэн сэдвээр илтгэл тавихаар болжээ. Уг илтгэлүүдийн дараа “Монгол улсын геологийн боломжууд” сэдвээр хэлэлцүүлэг өрнөнө.

“Дисковер Монголиа-2019” чуулганы сүүлийн хуралдаан “Монгол улсын хөгжлийг дэмжих нь” гэсэн сэдэв дор өрнөнө. Тус хуралдааны үеэр Монголын бизнесийн зөвлөлийн тэргүүн Б.Бямбасайхан “Нэгдсэн Ази хэмээх тодорхойлолт нь Монгол улсын хувьд ямар ач холбогдолтой вэ?” гэсэн сэдвээр илтгэл тавихаар болжээ. “Ковер Монголиа”-гийн үүсгэн байгуулагч Б.Мөнхдөл улстөрийн нөхцөл байдлын тухай илтгэл тавих аж. Уг хуралдааны хэлэлцүүлэгт Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, УУХҮС-ийн дэргэдэх олон улсын зөвлөлийн дарга Камерон МакРей, Монголын бизнесийн зөвлөлийн тэргүүн Б.Бямбасайхан, Дэлхийн банкны Монгол улс дахь суурин төлөөлөгчийн газрын ахлах эдийн засагч Жийн Паскаль Н.Нгану нар оролцох юм байна.