ВИДЕО: Улаанбаатар хотын зарим гэрлэн дохионы стандарт явган зорчигчдод ээлгүй байна

ВИДЕО: Улаанбаатар хотын зарим гэрлэн дохионы стандарт явган зорчигчдод ээлгүй байна

Улаанбаатар хотод одоогоор 155 гэрлэн дохио авто замын уулзвар болон явган зорчигчийн хөдөлгөөнийг зохицуулах зорилгоор ашиглаж байна. Гэсэн хэдий ч өдрөөс өдөрт автомашины тоо өсөж, зам дээрх ачаалал улам нэмэгдэж байгаатай холбогдуулан явган зорчигчид санаа амар зам хөндлөн гарна гэдэг бэрх болсон.

ВИДЕО:

Тэгвэл нийслэлд байрлах зарим гэрлэн дохио стандартаас хэт удаан асаж, эсрэг хөдөлгөөнөө ачаалалд оруулдаг бол зарим үед хурдан ассанаар явган зорчигч зам хөндлөн гарч ч амждаггүй. Иймд нийслэлийн зарим төлөвлөлт явган зорчигчид ээлгүй байна уу гэх асуудлыг бид дэвшүүллээ.

Нийслэлийн хэмжээнд нэн ялангуяа өвлийн цагт даарч бээрсэн явган зорчигч нар гэрлэн дохио нь дээр 10-30 минут хүлээж зогсох нь энгийн үзэгдэл. Ногоон гэрэл ассан ч гэрлэн дохио мөрддөггүй жолооч, машинуудтай нь амь өрсөн шахуу уралдах нь тун ярвигтай.

Явган зорчигчийн аюулгүй зам хөндлөн гарах нөхцөлийг хангах үүднээс ногоон гэрлийн асах хугацааг тухайн явган хүний гарцын урт буюу авто замын зорчих хэсгийн өргөн, тухайн гарцаар нэвтрэн өнгөрч буй явган зорчигчийн тоо зэргээс хамааруулан олон улсын стандартыг дагуу явган хүний алхааны хурдыг 1м/с-ээс 1,4м/с-ээр тооцоолон бодож өгдөг байна.  Тэгвэл авто  замын өргөн буюу явган хүний гарцны  урт 14 метр гэж бодоход явган зорчигчийн  хурдыг 1.2 м/сек гэж үзээд  ногоон гэрлийн асаах хугацааг хамгийн багадаа 12 секундээр тооцож  асаадаг аж.

Иймд гэрлэн дохиог нэг бол ойр, ойрхон, хурдан давтамжтай асаах эсвэл явган хүний гарцыг өөр аргаар шийдвэрлэх хэрэгтэй болж байна. Нэг гарцаас нөгөө гарцын хооронд зарим зам дээрх цагаан гарц хоёр км хүртэл байхад зарим нь маш ойрхон байж байх жишээтэй байгаа тул цаашид явган хүний энгийн алхалтаар гэрлэн дохиогоо тааруулах шаардлагатай юу гэх асуулт үлдэж байна.

О.СОЁЛМАА